Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ашигт малтмалын хуулийг “нарийвчлах” хэлэлцүүлэг эхэллээ

Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг өглөө 10 цагт Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нээлтийн үг хэлснээр эхэллээ. Үдээс өмнө 15 бүлэг бүхий Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар уг хуулийг боловсруулах Ажлын хэсгийн төлөөлөл товч танилцуулсан юм. Дараа нь уул уурхайн бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн бүлгүүд тус тусдаа хуулинд тусгах саналуудаа нэгтгэх салбар хуралдаан боллоо. Харин  яг одоо эдгээр салбар хуралдаанаас хуулийн төслийн талаар гаргасан байр сууриудаа илтгэх нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг нь олон нийт, мэргэжлийн байгууллагууд, салбарын байгууллагуудын саналыг нэгтгэх зарчмаар тун ардчилсан байдлаар хэрэгжиж буйг онцолсон юм. Мөн тэрбээр хуулийн төслийн талаар янз бүрийн байр суурь, санал ирж байгаад талархаж буй бөгөөд уг хуулийн төсөл нь салбарын зөв хөгжлийн төлөөх чиглэлийн дор боловсруулагдсан  болохыг онцолсон. Мөн сүүлийн үед хуулийн талаарх мэргэжлийн санал бус, харин илүү “улс төржсөн” байр суурь ТББ-уудаас ихэнхдээ ирж буй. Уг хууль нь салбарын компаниудыг дэмжих зорилготой, хэрэв тийм биш санагдсан бол бидний хооронд зарим нэг буруу ойлголт байх шиг байна. Цаашдаа энэхүү олон талын байр суурийг нэгтгэх хэлэлцүүлэг нь шат дараатайгаар өрнөх болно гэдгийг мэдэгдсэн юм. 

Энэхүү хууль хэзээ батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямар ч байсан уг хуулийг бүх талын үзэл бодлыг нэгтгэн авч үзэж нэмж сайжруулсны дараагаар батлах нь илүү тодорхой байна.

Уг хэлэлцүүлгийг Дэлхийн банк, Германы Олон улсын хамтын ажиллагаанны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим зохион байгуулж байгаа юм. Мөн уг хэлэлцүүлэгт Mongolian Mining Journal сэтгүүл хэвлэлийн түнш байгууллагаар хамтран ажиллаж буй юм.
Хуулийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, салбарын судалгааны ТББ, иргэний нийгэм, байгаль орчны ТББ-ын зэрэг бүх талын нийт 250 орчим төлөөлөл хүрэлцэн ирж саналаа солилцож байна.

Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй нэвтрүүлгийг та бүхэн ирэх ням гаригийн 19:00 цагт С1 телевизээр хүлээн авч үзээрэй.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.Төгс