“Эрдэнэс Тавантолгой” компанийн
Гүйцэтгэх захирал Я.Батсуурь энэ сарын 11-нээс эхлэн Тавантолгойн нүүрсний
экспортыг бүрэн зогсоосныг мэдэгджээ. Учир нь тус компани одоогийн байдлаар
нүүрсээ нэг тонныг нь 53 ам.доллараар борлуулж буй нь олборлолт, тээвэрлэлтийн
зардал болох 61 ам.долларын өртөгтөө ч хүрэхгүй байгаа ажээ. Иймээс компанийн
удирдлагууд нүүрс худалдан авагч Хятадын “Чалко” компанитай бүтээгдэхүүний үнийг
нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж буй ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл
ажиллагаанд санхүүгийн хүндрэл гарсантай зэрэгцээд Баруун Цанхийн хөрөнгө
оруулагчидтай хийх яриа хэлэлцээр ч зогсонги байдалд оржээ. Компанийн хувьд
2011 оны долдугаар сард “Чалко”-гоос 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр
авсныхаа дийлэнхийг Хүний хөгжлийн дансанд шилжүүлсэн билээ.
“Эрдэнэс
Тавантолгой”-н хувьд өрөө барагдуулж, дэд бүтцээ барьж байгуулахад ойролцоогоор
400-500 сая ам.доллар шаардагдахаар байна. Уг хөрөнгийг олон улсын хэвлэлүүдээр
Засгийн газрын санхүүжилтээр шийдэж магадгүй гэж бичиж буй юм. Гэвч Засгийн
газар одоогийн байдлаар яг хэдэн сая ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс
Тавантолгой”-д зориулах нь тодорхойгүй байна.
Б.Төгс