“Оюутолгой” төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын зардал 16 хувиар өссөн тухай “Рио Тинто” компани өчигдөр мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын хэлэлцүүлгээр төслийн зардал өссөнийг шүүмжилсэн тул тус компани хариу болгож энэхүү мэдэгдлээ хийжээ. “Рио Тинто”-гийн мэдэгдэж буйгаар одоогийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалт 6.6 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн оны сүүлээр тус компани төслийн эхний үе шатны хөрөнгө оруулалт 6.2 тэрбум ам.доллар болно гэж мэдээлж байсан билээ.
2010 оны байдлаар “Оюутолгой” төслийн эхний үе шатны хөрөнгө оруулалт 5.7 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж байжээ. Одоо “Рио Тинто” төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн “эрэлд мордон”, “Дэлхийн банк” болон бусад санхүүгийн томоохон байгууллагуудаас 4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор идэвхийлэн ажиллаж байгаа юм. Харин энэхүү алхмыг олон улсын “ногоон” байгууллагууд “Дэлхийн банк” үндсэн зарчмаа зөрчин хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх нүүрсний цахилгаан станцын төсөлд санхүүжилт олгох гэж байна гэж шүүмжлээд байгаа юм.
“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатад далд уурхайг ашиглалтад оруулах, баяжуулах үйлдвэрийг өргөжүүлэхээс гадна үлэмж хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих нь зайлшгүй болоод байгаа. “Turquoise Hill Resources” компанийн мэдээлж буйгаар, “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатны хөрөнгө оруулалт нийтдээ 11.3 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill”-ийн хувьцааны үнэлгээ Нью-Йоркийн бирж дээр 2.38 хувиар өсч, 7.75 доллар болжээ.
Өнөөдөр “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох бөгөөд уг хурлаар төслийн зардал өсөх эсэхийг тодруулах төлөвтэй байгаа юм.
Б.Төгс