Хэнтий аймаг дахь “Чандгана тал”
нүүрсний ордыг түшиглэн байгуулах 600 МВт-ын цахилгаан станцынхаа хөрөнгө
оруулалтыг бараг шийдвэрлэсэн тухайгаа “Професи Коал” компани өчигдөр
мэдээлжээ. Тус компанийн Чандганы нүүрсний цахилгаан станцын эхний үе шатны
төслийг хэрэгжүүлэхэд 744 сая ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гараад
байсан юм. Гэхдээ “Професи Коал” зээл авах банкны нэрийг хараахан зарлаагүй
байна. Одоогийн байдлаар зээл олгогч банк “Професи”-д зээлийн нөхцөл болон бусад
холбогдох шаардлагыг багтаасан баримт бичгийг хүргүүлжээ. Энэхүү баримт бичигт
заасан нөхцөлийн дагуу цахилгаан станц байгуулахад шаардлагатай нийт
санхүүжилтийн 85 хувь хүртэлх хөрөнгийг зээлээр олгох юм байна. Мөн уг зээлийг 12
жилийн хугацаанд 24 хуваан хэсэгчилсэн байдлаар төлөх бөгөөд хүүг Лондоны банк хоорондын захын суурь хүү
буюу LIBOR-оор тогтоох ажээ. Энэхүү мэдээлэл цацагдмагц тус компанийн хувьцаа
Торонтогийн хөрөнгийн бирж дээр 15 хувиар өсч, 0.15 доллар болж өсчээ.
Урьдчилсан тооцоогоор цахилгаан станцыг
2016-2017 онд шат дараатайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд станц
жилдээ 2.7-3.5 сая тонн нүүрс ашиглах юм байна.
“Професи Коал” компанийн хувьд Монголын эрчим хүчний нүүрсний салбарт
нэлээд том байр суурь эзэлж буй юм. Цаашид тус компани нүүрсний цахилгаан
станцынхаа хүчин чадлыг 4200 МВт болгон өргөжүүлж, улмаар Хятад руу эрчим хүч
нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. “Професи”-ийн эзэмшилд одоогийн байдлаар
нийтдээ 4 орчим тэрбум тонн хүртэлх нөөц илрэх боломж бүхий эрчим хүчний
нүүрсний төслүүд багтаж байна.
Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр
сарын сүүлээр тус компани өөрийн компанийн Гүйцэтгэх захирал болох John Lee-г
компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалд томилсноо мэдэгдсэн юм.
Б.Төгс
Зохиогчийн
эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.