Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Оюутолгой ХХК татвар төлөөгүй

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн VI хурал Их тэнгэр цогцолборт өчигдөр эхэлсэн. Энэхүү хуралд Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын сүүлээр дахин үргэлжилнэ.

Юуны түрүүнд тус хурлаар хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн төлөөлөл “Оюутолгой компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн хувилбарууд” гэсэн асуудлыг хөндсөн бол манай төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зургаан гол асуудлыг гарган тавилаа.
Тодруулбал:

1.    Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгаан, түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх,
2.    Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалтуудыг эргэн харах,
3.    Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг ил тод байлгах,
4.    “Антре гоулд” компанийн эзэмшилд байгаа, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх,
5.    Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлах,
6.    Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан юм.

Мөн манай тал “Оюутолгой” ХХК-ийг Монгол улсын хуулийг дээдлэн ажиллахыг шаардсан гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцлов. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Оюутолгой компани хөрөнгө босгохдоо Монголын талд мэдэгдээгүй. Монгол улсын Компанийн тухай хуулиар компани ихээхэн хэмжээний хөрөнгө босгох асуудлыг хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж, ТУЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар авч үзэх ёстой гэж заасан байдаг” гэв. Мөн санхүүгийн хүндрэлтэй байгаа тухайгаа хувь эзэмшигч манай талд илэрхийлж, хамтдаа шийдвэрлэх гарц хайж болохыг нэмж хэлэв.

Хувь нийлүүлэгчдийн хурал дээр ямар гол асуудлууд яригдсаныг Сайд нарын тайлбарласнаар хүргэе.

Сангийн сайд Ч.Улаан
: Хувь нийлүүлэгчдийн хурал дээр үндсэн хоёр зарчим яригдсан. Нэгдүгээрт, уг гэрээ харилцан ашигтай байх ёстой. Хоёрдугаарт, төсөл хэрэгжиж байгаа улсын хуулийг дээдэлнэ. Энэ зарчмын хүрээнд төвлөрсөн асуудлуудыг ярьсан.

Монгол улс 250 сая долларын урьдчилгаа төлбөрийг зээлээр авч ашигласан. Үүнийг буцаан төлөх асуудал хугацаа алдаж байна. Татварын орлогоос суутган төлөх байсан ч энэ ажил хийгдэхгүй байна. Төслийн санхүү үүнээс болж бэрхшээлтэй тулгарч байна гэдэг асуудлыг нөгөө тал тавьсан. Үүнд манай талын өгч байгаа хариу маш тодорхой. Хуулийн дагуу ажиллах ёстой. Хуульд нийцүүлсэн гэрээг дагаж мөрдөх учиртай.

Гэрээнд урьдчилгаа зээл өгсөн, зээлийг төлж эхлэх, төлж дуусах хугацааг тодорхой заасан. Гэхдээ жилд хэдий хэмжээний зээлийг суутган тооцох вэ гэдгийг гэрээнд тусгаагүй. Жил болгон төлөх суутган тооцолтын хэмжээг талууд тохиролцож, Сангийн яам баталгаажуулж хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтыг хангаагүй. Тооцоогоо нийлье, суутган тооцолтын хэмжээг тогтоё гэдэг асуудлыг Сангийн яам удаа дараа тавьж байсан. Энэ ажил удаашралтай хийгдэж байна.

Өмнөх Засгийн газар болон ОТ төслийн удирдлагын баг энэ ажлыг хийгээгүйгээс болж хугацаа алдсан. Тооцоогоо нийлж баталгаажуулаад Монгол улсын хуулийн дагуу төсөвт тусгаж, УИХ-аар батлуулж байж татварын оронд суутгал төлбөрийг хийх эрх нээгдэнэ. Энэ эрх хуулиар нээгдээгүй учраас суутган тооцоололтыг хийх бололцоогүй. Хөрөнгө оруулагчид 2012 оноос суутган тооцох ёстой гэсэн санал тавьсан. Бид 2014 оноос тооцно гэсэн хариу хэлж байгаа. Яагаад гэвэл 2013 оны улсын төсөв нэгэнт батлагдчихсан. Тэр төсөв дотор суутган тооцох хувь хэмжээг тодорхойлж, Засгийн газарт эрх өгөгдөөгүй. Тийм учраас 2013 онд суутган тооцно гэсэн ойлголт байхгүй. Харин 2014 оноос үүнийг төсөвт тусгаж, хуулийн дагуу Засгийн газар УИХ-аас эрх авч, суутган тооцолтыг хийх ёстой гэдгийг тайлбарласан. Энэ ажил удааширч байгаа явдалд өнөөгийн Засгийн газар буруугүй. Бид хуулийн дагуу тооцоогоо нийлж, баталгаажуулах саналыг удаа дараа тавьсан.

Дараагийн нэг асуудал татвар төлөлттэй холбоотой. Нэгэнт татварын орлогод урьдчилан авсан зээлийг суутган тооцох асуудал шийдэгдээгүй учир “Оюутолгой” компани хуулийн дагуу татвараа төлөх ёстой. 2012 онд татвар төлөгдөөгүй. Энэ нэр хүндтэй компани татварын үүргээ биелүүлээгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тухайн жилийн татварыг урагш, хойш нь гүйлгэж тооцох тийм бололцоо байхгүй.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хэмжээ, урьдчилан авсан зээлийн суутган тооцолтын тооцоо, татварын тооцоог гэрээнд заасны дагуу хоёр тал тохиролцож, Сангийн яам баталгаажуулж, цаашдаа явна гэсэн зарчмыг маш тодорхой илэрхийлсэн.
Үүний дараа сэтгүүлчдийн цөөн асуултад хариулсан юм.

Хөрөнгө оруулагчийн талаас ямар санал тавьсан бэ? “Оюутолгой” төслийн байгаль орчны үнэлгээтэй холбоотой асуудлууд байдаг. Энэ талаар яригдсан уу?

БОНХ-ийн сайд С.Оюун
: Оюутолгой төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 2011 оны намар тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр нэлээд нухацтай хэлэлцээд баталсан байдаг. БОНБҮ-ний тайлан нь батлагдсан гэсэн үг. Усны асуудал нэлээд яригддаг. Гүний хоолойгоос усаа татна. Урьдчилсан байдлаар ашигласан усныхаа 80 орчим хувийг дахин ашиглана. Гүний хоолойгоос авч байгаа ус нь тухайн бүс нутгийн усны түвшинд нөлөөлж байгаа эсэхийг судлахаар БОНХЯ-наас мониторингийн дөрвөн цооног гаргаж энэ хавраас ажиллуулна.

Өнгөрсөн наймдугаар сард “Оюутолгой” тусдаа Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гээд бас нэг тайлан бэлтгэсэн. Тэр бол өөрсдөө ЕСБХБ, Олон улсын санхүүгийн корпораци гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн дараагийн санхүүжилт авахын тулд бэлтгэсэн тайлан юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагын хүрээнд бэлтгэсэн тайлан гэсэн үг.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг
: Хувь нийлүүлэгчид буюу “Рио Тинто”-гийн зүгээс ерөнхийдөө хоёр асуудал тавьсан. Нэг нь түрүүний Ч.Улаан сайдын ярьсан зүйл. 250 сая долларын зээлийг төлж эхлэх ёстой ч улсын төсөвт суулгаагүй ирсэн. Үүнийг УИХ-аар шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэх байна.

Хоёр дахь асуудал бол дараагийн санхүүжилт. Энэ төслийн нийт санхүүжилт нь 14.6 тэрбум доллар. Үүнээс 5.1 тэрбум нь анхны хөрөнгө оруулалт. Анхны хөрөнгө оруулалтаар Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод дууссан байх ёстой. Гэтэл 5.1 тэрбум нь 7.1 тэрбум доллар болж өссөн. Яагаад хоёр тэрбум доллараар давуулчихав гэхээр өдийг хүртэл олигтой тайлбар өгөөгүй байна. Энэ бол манай Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад хуульд нийцэхгүй байгаа. Тийм болохоор эхлээд анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум доллараар давсан асуудлыг тодорхой болгоё гэсэн.

Дараагийн хөрөнгө оруулалт нь далд уурхайд зарцуулагдах ёстой. Гэхдээ ТЭЗҮ-д зааснаар бол орд ашиглалтад ороод бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулаад олсон ашгаасаа дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явъя гэсэн байгаа. Хөрөнгө оруулагчдын зүгээс үйлдвэрээс олох орлогыг хүлээхээр хугацаа алдах гээд байгаа болохоор дараагийн хөрөнгө оруулалтыг яаралтай шийдье гэсэн асуудлыг тавьсан. Үүнийг шийдвэрлэхийн өмнө бид анхны хөрөнгө оруулалт 7.1 тэрбум доллараар юу хийв гэдгийг тодруулах хэрэгтэй. Тодруулж байж дараагийн алхам хийгдэх нь ойлгомжтой. Тодруулахгүйгээр дараагийн асуудлыг шийдэх юм бол Засгийн газрыг төлөөлж, Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцсон бид хууль зөрчсөн болно. Ингэж болохгүй, боломжгүй.

Өөр нэг зүйлийг анхааруулж хэлсэн. Хувь нийлүүлэгчдийн хуралд “Рио Тинто”-г төлөөлж ирсэн хүмүүс нь гэрээгээ ч уншаагүй, ТЭЗҮ-гээ ч мэдэхгүй хуульчид байна лээ. Энэ байдлаа өөрчлөөрэй гэдгийг анхааруулсан.

С. Болд-Эрдэнэ

Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.