Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ОТ: Бүтээн байгуулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан

Оюутолгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын талаар тус компани дараах мэдэгдлийг хийжээ.

“Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй хувь нийлүүлэгч талд өргөн барьсан төсвийн хүрээнд Оюу Толгойн бүтээн байгуулалт, барилгын ажлыг товлосон хугацаанаас өмнө хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн долоо хоногт бид анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэн гаргалаа. Төлөвлөсөн ёсоор 2013 оны эхний хагаст багтаан бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагааг эхлүүлнэ” гэж Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Эндрью Хардинг мэдэгдэв. “Хэдий тийм боловч бүх хувь нийлүүлэгчид төслийн хэрэгжилтийн талаар тодорхой асуудлууд дэвшүүлж байна. Тэдгээрийг энэхүү хурлаар нухацтай, тал бүрээс нь хэлэлцэж санал бодол солилцох боломж олдсон юм” гэж тэрбээр хэллээ.

“Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох Оюу Толгойд санхүүжилт хийх, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл явуулах нь өргөн цар хүрээтэй ажил юм” хэмээн Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей хэллээ. Тэрбээр цааш нь “Бид бүх хувь нийлүүлэгч талуудад төслийн санхүүжилт, зардал, үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулж ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөндөж дэвшүүлсэн асуудлыг тодорхой болгох үүднээс цаашид ч илэн далангүй, нээлттэй хэлэлцэж, ярилцах болно” гэлээ

Оюу Толгойн бүтээн байгуулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэ нь 2010 оны арванхоёрдугаар сард Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Монголын Засгийн газрыг төлөөлсөн хувь нийлүүлэгчид өргөн барьсан ТЭЗҮ-д тусгасан төсвийн хүрээнд явагдаж байгаа болно гэж уг мэдээлэлд дурджээ.