Оюутолгой ордын зэс, алтны төслийн бүтээн байгуулалт үндсэндээ шувтарч байгаа талаар Рио Тинто хэвлэлийн шинэ мэдээ цацжээ.
2012 оны дөрөвдүгээр сараас хүдэр олборлож нөөцөлж эхэлсэн бөгөөд олборлосон хүдрийг боловсруулж баяжуулах тоног төхөөрөмжийг 2012 оны арваннэгдүгээр сард суурилуулж, энэ оны нэгдүгээр сарын 2-нд анхны хүдрээ боловсруулан, зэсийн анхны баяжмал мөн сарын 31-нд үйлдвэрээс гарсан юм.
Монгол Улсын Засгийн газар саяхан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилт, төслийн санхүүжилттэй холбоотой зарим үндэслэлтэй асуудлыг хөндсөн гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдаад, “Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг одоо байгаагаар нь хэрэгжүүлэх, холбогдох талуудын ашиг тусын тулд Оюутолгой төслийг улам оновчтой, үр өгөөжтэй болгох зорилгоор Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газар, холбогдох бусад бүх талтай цаашид ч тууштай хамтран ажиллах болно” гэжээ.
“Эдгээр асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэснээс шалтгаалан Оюутолгой компани 2013 оны эхний хагаст багтаан бүтээгдэхүүнээ төлөвлөсөн ёсоор борлуулах үйл ажиллагаа эхэлнэ” хэмээн уг мэдээнд эвтэйхэн сануулсан байна.
Үйлдвэрлэсэн баяжмалынхаа 75 хувийг олон улсын арилжааны нөхцөлөөр борлуулах тухай гэрээг Оюутолгой компани байгуулсан. Гарын үсэг зурж байгуулсан гэрээнээс гадна худалдааны нарийвчилсан гэрээ байгуулсан тохиолдолд эхний арван жилд Оюутолгой компани үйлдвэрлэх нийт зэсийн баяжмалын 25 хувийг ӨМӨЗО-ы зэс хайлуулах үйлдвэрт олон улсын арилжааны нөхцөлөөр нийлүүлэхээр зарчмын хувьд тохиролцсон гэжээ.