Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хэнкок “Англо Американ”-ы Монгол дахь салбарыг удирдана

Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг болох “Англо Американ” Монголд салбараа нээлээ. Тус компанийн Монгол дахь салбарын Ерөнхийлөгчөөр урьд нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхайн хариуцсан захирлаар ажиллаж байсан Грэм Хэнкок ажиллах юм байна. Энэ тухай Лондонд төвтэй “Англо Американ” компани өчигдөр албан ёсоор мэдээлжээ.

Уг үйл явдалтай холбогдуулан Грэм Хэнкок: “Монгол улс Хойд Азийн зах зээлд ойр, эрдэс баялгийн арвин нөөцтэй, уул уурхайд тулгуурласан эдийн засагтай орон болж байгаа тул надад “Англо Американ” компанийн төлөөллийг Монголд бий болгох боломж тохиосонд баяртай хүлээн авч байна. Монгол улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм болон орон нутгийн засаг захиргаатай үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Харилцан хүндэтгэл дээр тулгуурлах энэ харилцаа тус компанийг Монгол улсын хөгжлийн чухал түнш болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт гүнээ итгэж байна.” гэж хэлжээ.

Харин энэхүү үйл явдлыг “Англо Американ” компанийн Гүйцэтгэх захирал Синтиа Кэррол: “Англо Американ компанийн энэ чухал шинэ албан тушаалд Грэм Ханкок томилогдсонд би их баяртай байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг болон Монгол улсад өмнө ажиллаж байсан туршлага нь тус компанийн Монгол дахь төлөөллийг бий болгох тал дээр чухал үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнтэй итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэж байна.” гэжээ.

Одоогийн байдлаар “Англо Американ” нь Ази, Австрали, Африк, Европ, Хойд Америк, Өмнөд Америкт эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алмаз, никель, цагаан алт, манганын төслүүд багтаж байна.

“Англо Американ” Монголд боломжит бүхий л салбарт үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг зорьж буй ч яг аль эрдэс баялгийн чиглэлд төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа хараахан тодорхой зарлаагүй байна.

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 26.7 тэрбум фунт стерлинг байна.

 

Б.Төгс