Монгол
улсын эдийн засагт жин дарж, экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй нүүрсний салбарын “Coal Mongolia” олон улсын
чуулга уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга
хэмжээ нь шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газар бүрдсэн, дэд бүтцийн
томоохон төслүүдээ эхлүүлэхээр 1,5 тэрбум ам.долларыг бондын санхүүжилтээр
босгосон, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах төсөл олон нийтийн
дунд нээлттэй ид хэлэлцэгдэж буй, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй зэрэг
улс төр болоод эдийн засгийн тун сонирхолтой цаг үетэй давхцаж байгаа нь
ихээхэн онцлог болж байна. Монголын нүүрсний салбарын боломж болоод бэрхшээлтэй
асуудлуудыг бүхий л шатанд хэлэлцэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид
өөрсдийн төслүүдээ танилцуулах, хоорондоо холбоо тогтоох талбар болдог энэхүү
чуулганы ач холбогдол асар их.
“Coal
Mongolia 2013”
чуулганы эхний өдрийн хурал Монголын нүүрсний өнөөгийн байдал, нүүрсний
салбар дахь олон улсын харилцаа, Нүүрсний зах зээл ба өрсөлдөх чадвар, Уул
уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж, шинэ
мэдээлэл тоо баримт бүхий нийт 15 илтгэл тавигдсан юм. 2012 онд улсын нөөцөд шинээр
4.9 тэрбум тонн нүүрсний нөөц бүртгэгдсэн байна. Нийт 31.1 сая тонн
нүүрс олборлосноос 20.5 сая тонныг экспортод гаргаж улсын
төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.
Одоогийн байдлаар
салбарын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 орчим аж ахуйн нэгж
олборлолт, борлуулалт хийж байгаагаас 20 гаруй нь нүүрсээ түүхийгээр болон баяжуулсан
хэлбэрээр экспортод гаргаж байна. Нүүрсний ордуудын ашиглалтаас орсон нийт
орлогын тодорхой хувийг улсын хэмжээнд нүүрсний геологийн судалгааны ажилд
зориулж, улсын нүүрсний нөөцийг өсгөн нэмэгдүүлэх бодлого баримтлах тухай Уул
уурхайн сайд Д.Ганхуяг илтгэлдээ дурдсан юм. Дэлхийн зах зээлийн нүүрсний
үнэтэй тэнцэхүйц үнэлгээгээр нүүрсээ борлуулахын тулд худалдан авалтад төмөр зам
болон шинэ тээвэр, ложистикийн бодлого баримтлан ажиллахаас гадна нүүрсний
салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
“Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулахаар төлөвлөсөн байна. Байгаль орчин,
ногоон хөгжлийн сайд С.Оюун илтгэлдээ байгаль орчны өнөөгийн эрх зүйн
зохицуулалт, усны менежментийн асуудлуудыг хөндөж, газрын доорхи цэнгэг усны
орд газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн нөхөн сэргээлт,
стандарт нормативыг боловсронгуй болгох арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр
зорьж буй талаар ярив. Монгол улс нь далайд шууд гарцгүй, зам тээвэр, төмөр
замын сүлжээ, усан хангамж, эрчим хүчний дэд бүтэц сул хөгжсөн.
Гэхдээ нүүрсний хамгийн том хэрэглэгч бөгөөд
импортлогч Хятадтай газарзүйн хувьд ойр байрлалтай, Ази, Номхон далайн бүсийн
коксжих нүүрсний гол хэрэглэгч орнуудын хамгийн боломжит нийлүүлэгч гэсэн давуу
талтай. Нүүрсний чанарын хувьд, Австралийн Боуэн Бэйсин,
Хятадын Шанси зэрэг дэлхийд тэргүүлэгч брэнд нүүрстэй өрсөлдөхүйц. Дэд
бүтцийг хөгжүүлэх боломж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн ач холбогдол үр
өгөөжийн талаар тоо баримтад тулгуурлан “Монголын уул уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх
захирал Г.Батцэнгэл ярьсан юм. “Гложекс Холдинг”-ийн Ерөнхийлөгч Л.Наранбаатар
“Монгол бол сайн чанарын нүүрсний ихээхэн нөөцтэй цорын ганц улс биш. Тавантолгойтой
өрсөлдөхүйц хэмжээний томоохон уурхайг Оросууд илрүүлэн, түүнийгээ эдийн
засгийн эргэлтэд оруулахаар төмөр зам барьчихсан. Нүүрсний олон улсын томоохон
зах зээл рүү гаргахаар бэлтгэж байна. Тиймээс Оросууд нүүрсний салбарт бидний
хамгийн том өрсөлдөгч” гэдгийг сануулав. Олны анхаарлыг татаж, хардлага сэрдлэг
төрүүлээд байгаа нэг асуудал бол “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар. Монгол
улсын дансанд хэдийнэ орж ирээд, хүү нь төлөгдөж эхлээд байгаа энэ хөрөнгийг
бүтээн байгуулалтын ямар төсөлд оруулж, хэрхэн зарцуулах талаар өнөө тодорхой
зүйл байсангүй. “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын зарцуулах төслүүдийн
тухай “Coal Mongolia 2013”
чуулганы хоёрдугаар хэсгийн хуралдаанаар Сангийн дэд сайд О.Чулуунбат танилцуулав.
“Монгол улсын нүүрсний салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагаа”
сэдвийн дор явагдсан энэ хэсэгт гадаадын Элчин сайдын төлөөлөгчид оролцсон.
Энэ
жилийн чуулганд Монгол улсад ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Канад улсаас суугаа Элчин
сайдууд хүрэлцэн ирсэн юм. Дэлхийн эдийн засгийн төлөв, Хятадын нүүрсний зах
зээл гээд олон улсын хандлагуудын талаар шинэ мэдээллийг өгөхүйц илтгэлүүдийг
“Пибоди Энержи”, “Вүүд Маккензи” компаниудын төлөөлөгчид гуравдугаар хэсгийн
хуралдааны үеэр тавьж байлаа. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилэн найруулах
төслийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Энэ
хуулийн төслийг Монгол улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
танилцуулав. Чуулганы зочид төлөөлөгчид, салбарын мэргэжилтнүүдийн хуулийн
төсөлд өгөх санал хүсэлт, шүүмжлэл дунд чуулганы дөрөвдүгээр хэсэг болох “Уул
уурхайн салбарын эрх зүйн орчин” хурал тун сонирхолтой өрнөсөн юм. Уул уурхайн
“Mongolian Mining Journal” сэтгүүл
энэ сарын дугаартаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн
талаарх төрийн байгууллага, аж ахуй нэгж, эрдэмтэн судлаачдын санал, байр
суурийг нийтэлсэн билээ.
Гэхдээ өчигдрийн хурлаар илтгэгчдийн илэрхийлж байсан ерөнхий байр суурь бол Монголын нүүрс дэлхийн зах зээлд хүчирхэг байх боломжит ирээдүй бүрхэг болсоор байгааг анхааруулж байсан юм. “Coal Mongolia 2013” чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр төмөр зам, эрчим хүч, нүүрсний салбар дахь шинэ төслүүд, технологийн талаарх хурлууд болно.
Э.Од