Эрдэс баялгийн салбарыг даган “хүчээ авч” байгаа бизнесийн нэгэн талбар бол ханган нийлүүлэлт юм. Энэ чиглэлээр олон улсад танигдсан гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд манай улсад орж ирэх нь сайн хэрэг боловч үндэсний жижиг дунд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэх нь илүү чухал юм. Уул уурхайн салбарт техник технологиос авахуулаад хувцас, хоол хүнс, багаж гээд хэрэглэгдэж ашиглагдахгүй зүйл тун бага.
Монгол улсад техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хөгжөөгүй ч хөдөө аж ахуйдаа тулгуурлан, гадны дэвшилтэд технологийг нэвтрүүлэн ханган нийлүүлэлтийн бусад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бий. Энэ бүхэн ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад алслагдсан орон нутгийг хөгжүүлэх ач холбогдолтой.
Ханган нийлүүлэлт гэсэн энэ өргөн талбарын боломж болоод бэрхшээлийн талаар хэлэлцдэг “Miner and Supplier” чуулга үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганд Төрийн бодлого зохицуулалт, Уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарууд, Уул уурхайн компаниудын худалдан авах үйл ажиллагааны бодлого стратеги, Уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын дэвшилтэд технологи үйлчилгээ гэсэн үндсэн сэдвийн дор 20 гаруй илтгэл тавигдах юм.
Чуулганы эхний өдөр Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын зөвлөх Ж.Экида, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стив Поттер нар илтгэл тавьсан юм. Дашрамд дурдахад ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааны стандартын талаарх богино сургалтыг энэ жил анх удаа зохион байгуулах аж.
Э.Од