Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто татварт 11.6 тэрбум доллар төлжээ

Дэлхийн уул уурхайн магнат “Рио Тинто” 2012 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийтдээ 11.6 тэрбум ам.доллар төлснөө мэдэгджээ. Энэ дунд Австрали улсад төлсөн татвар дийлэнх хэсгийг эзэлж байна. Хэдийгээр “Рио Тинто” 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ч Австралид тус компанийн нүүрс, зэс, төмрийн хүдэр, алмазын олборлолт болон хөнгөн цагааны үйлдвэр зэрэг тулгуур үйл ажиллагаанууд нь төвлөрдөг юм. Өнгөрсөн жил “Рио Тинто” Австралийн Засгийн газарт нийтдээ 8.9 тэрбум доллар төлжээ. Харин Канадын Засгийн газарт 1 тэрбум доллар, АНУ-д 376 сая доллар, Чилид 331 сая долларыг татварт төлжээ. Мөн Монгол улсад тус компани 280 сая долларын татвар, Их Британид 150 сая доллар, Францад 140 сая доллар, Өмнөд Африкт 130 сая долларын татвар төлсөн гэж мэдэгджээ.

“Рио Тинто” саяхан Канад улсын төмрийн хүдрийн хамгийн том олборлогч IOC компани дахь хувьцааны эзэмшлээ худалдахаар болсноо зарлаад байгаа юм. Энэхүү худалдааны хэлцэл 1.7 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна. “Рио Тинто”-гийн энэхүү алхмыг тус компанийн төмрийн хүдрээс хэт хараат орлогынхоо эх үүсвэрийг өөрчлөх гэсэн бодлоготой нь холбон тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр төмрийн хүдрийн зах зээлийн ирээдүйд “Рио Тинто” төдийлөн итгэлтэй биш байгаа бололтой.  Тус компанийн Канад дахь эзэмшлийг ArcelorMittal, Posco, Baffinland, Nunavut зэрэг төмрийн хүдэр олборлодог томоохон компаниудын нэг авах нь бараг тодорхой байгаа юм.

“Рио Тинто” өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаар 9 тэрбум гаруй долларын ашигтай ажилласан ч хөнгөн цагааны салбар болон Мозамбик дэх нүүрсний төслийн худалдааны хэлцлийн дүнд 14.4 тэрбум долларыг үргүй зарцуулсан тул 3 тэрбум долларын алдагдал хүлээснээ мэдэгдээд буй. “Рио Тинто”-гийн санхүүгийн нөхцөл байдал ийнхүү хүндхэн байгаа ч тэдэнд Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатад ашиглах 4 тэрбум ам.долларын зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллага аль хэдийнэ батлаад буйг хэвлэлүүд онцолж эхлээд буй юм. Гэхдээ зээлийн хүү харьцангуй өндөр буюу олон улсын банкуудын дундаж хүүнээс 2-3 хувиар өндөр байх болзол “Рио Тинто”-д тавигдах төлөвтэй байна.


Б.Төгс