“Оюутолгой” компани өнгөрсөн оны татварын тайлангаа ил болгожээ. Тэд манай улсын Засгийн газарт нийт 280 сая ам.долларын татвар төлсөн байна. Үүнээс Татварын Ерөнхий газарт 33.3 сая, Өмнөговь аймгийн Татварын хэлтэс, Гаалийн газарт 94.6 сая, ханган нийлүүлэгчдээс худалдаж авсан бараа материалын нэмүү өртгийн албан татварт 122.5 сая, нийгмийн даатгал болон бусад хураамжид 29.7 сая ам.доллар тус тус төлжээ.
Тус компанийн толгой компани “Рио Тинто” 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр оронд нийт 11.6 тэрбум ам.долларын татварыг өнгөрсөн онд төлсөн талаараа мэдэгдсэн юм. Манай улсын хувьд “Рио Тинто”-гийн татвар төлөлтийн жагсаалтын тавдугаар байранд жагсаж байна. Энэ жагсаалтыг Австралийн Засгийн Газар 8.9 тэрбум ам.долларын татвар хурааж авснаар тэргүүлж байгаа бол Канад улс нэг тэрбум, АНУ 376 сая, Чили 331 сая ам.доллар авснаар удаалж байна.
Э.Хулан