АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
Олон улсын тэсэлгээний инженерүүдийн холбооноос энэхүү чуулганыг дэлхийн тэсэлгээний салбарын хөгжлийн түвшинг тодорхойлдог томоохон семинар үзэсгэлэн гэж онцолдог байна. 39 дэх чуулганаар уул уурхайн салбарт тулгарч буй өөрчлөлтийн тухай ярилцаж, ирэх жилүүдэд салбарын хэмжээнд нөлөөлөх чухал үзүүлэлтүүдийн талаар санал солилцжээ. АНУ-ын хувьд 2013 онд уул уурхайн салбараас гадна барилга, дэд бүтцийн салбарт гарч буй эдийн засгийн өсөлт нь өрөмдлөг, тэсэлгээний байгууллагуудад сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Чуулганы үеэр Япон, Хятад, ОХУ, Өмнөд Америк, Герман улсын компаниуд өрөмдлөг, тэсэлгээний шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулсан юм. Тэсэлгээний салбарт олон шинэ техник, технологи нэвтэрч байна. Уг салбарын орчин үеийн чиг хандлага нь хүний хүчин зүйлийг багасгаж, техникийн шийдлээр өндөр бүтээмж гаргах арга барил руу шилжилт хийж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, аль болох цөөн хүний хүчээр өндөр үр бүтээл үзүүлэхийг зорьж буй. Өрөмдлөг, тэсэлгээний өгөөжийг сайжруулж, хүний хөдөлмөрийг багасгахын тулд үйлчилгээ эхлэхээс дуусах хүртэлх үе шат бүхэнд хэрхэн шинэчлэл хийж болохыг дэлхийн хөгжингүй орнууд ихээхэн анхааран судалж байна. Тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх зориулалт бүхий төрөл бүрийн аргачлалууд үзэсгэлэнд тавигджээ. Хөдөлмөрийн үр ашгийг 20-200 дахин ихэсгэх технологи, үйлдвэрт хэрэглэх түүхий эдийг 25-30 хувь багасгах, тэсэлгээний цооногийг илүү хурдтай түгжиж, тэслэх чадамжийг нэмэгдүүлэх зэрэг шинэлэг аргачлалууд төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татаж байсан юм.
Байгаль орчны тогтвортой байдлыг хүндэтгэх нь уул уурхайн салбарын ирээдүй гэдэг нь үзэсгэлэнд тавигдсан технологиудаас ажиглагдаж байлаа. Үзэсгэлэнд тавигдсан техник технологиуд нь уурхайн үйл ажиллагааны нэгж бүрийн үзүүлэлтийг хянаж хэмжилт хийн, түүндээ тулгуурлаж байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг багасгахад анхаарсан нь анзаарагдаж байв. Тэсэлгээний хувьд ерөнхий тэсэлгээ хийхээсээ илүүтэй нарийвчлан тэсэлдэг болжээ.
Монголын тэсэлгээний салбарын тэргүүлэх боловсон хүчнээс бүрдсэн “Мера” ХХК-ийн төлөөлөгчид үйлчилгээний аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн шинэлэг технологи, тэсэлгээний нарийвчлалыг хэмжих програм хангамжийн талаар сонирхон судалж, харилцагч байгууллагуудтайгаа уулзалт зохион байгуулсан байна.