“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болохоор товлогдсон. Гэхдээ хурал хойшилж магадгүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр одоо тус компанийн ТУЗ хуралдаж байгаа аж. ТУЗ-ийн хурлын дараа Хувь нийлүүлэгчдийн хурал болох юм байна. Харин “Оюутолгой” ХХК-ийн зүгээс өнөөдөр Хувь нийлүүлэгчдийн хурал болохгүй гэсэн тайлбар өгч байгаа.
Хувь нийлүүлэгчдийн энэ удаагийн хурлаар Монголын Засгийн газрын тавьсан анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг “Рио Тинто” тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Үүний дараа бусад асуудлууд, төслийн дараагийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ярилцах болно гэдгээ хэлэлцээрт орж байгаа Сайд нарын зүгээс илэрхийлээд байгаа. Тэгвэл “Оюутолгой” компани хөрөнгө оруулалт хэтэрсэн тухай шаардлагатай мэдээллээ Засгийн газарт өгөөгүй байна хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ. Хэрэв анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгөхгүй бол Хувь нийлүүлэгчдийн хурал энэ удаад хойшилж магадгүй байна.
С.Болд