“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад байгаа. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоосны дараа хурлыг үргэлжлүүлнэ хэмээн Засгийн газрын холбогдох сайд нар мэдэгдээд байгаа билээ.
Анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, МХЕГ, “Эрдэнэс Оюутолгой” компаниас томилогдсон ажлын хэсэг “Рио Тинто” компаниас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран “Оюутолгой” компанийг шалгаж байгаа аж. Хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн зүйлд зарцуулагдсан эсэхийг шалгах энэхүү шалгалт өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн бөгөөд энэ сард багтаан дуусах бололтой. Үүний дараа Хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжлэх юм.
“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг ийн шалгах болсныг “Рио Тинто” компани хэлэлцээрт буулт хийжээ гэж ойлгож болох биз ээ. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодорхойлсны дараа төслийн дараагийн санхүүжилтийг хэрхэх эсэхийг Хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэрлэх юм.
С.Болд-Эрдэнэ