“Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийг Улсын комисст хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ сарын 9-10-ны өдөр Уул уурхай яам болон холбогдох яам, мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн Улсын комисс Оюутолгойд ажиллаж, Баяжуулах үйлдвэрийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээж аваагүй нь Баяжуулах үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой хэмээн албаны эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн сард Баяжуулах үйлдвэрийн хүхрийн хоолойд нь гэмтэл гарчээ. Уг гэмтэл засагдсаны дараа Улсын комисс очих гэж буй нь энэ юм.
Баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээн авбал ирэх сарын сүүлээр зэсийн баяжмалын экспорт эхлэх боломжтой талаар компанийн зүгээс мэдээлж байгаа. Гэхдээ экспорт хойшилж, долдугаар сараас эхэлж магадгүй байгаа гэнэ. Учир нь өнгөрсөн өвөл компанийн дансыг түр хугацаанд хааж, үйл ажиллагаа нь зогссон, Баяжуулах үйлдвэрийг Улсын комисс товлосон хугацаанаас хойш хүлээж авах гэж байгаа зэрэг шалтгаантай холбоотой байж магадгүй байна.
С.Болд