АНУ-ын Экспорт-Импорт банкны Захирлуулын зөвлөл Оюутолгой төсөлд 500 сая долларын зээл олгохыг дэмжсэн байна. Уг шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Энэхүү зээлийг олгосноор АНУ-д 2000 ажлын байрыг дэмжих боломжтой гэнэ. Тус банкны Ерөнхийлөгч Fred P. Hochberg “Уг хэлэлцээр нь ганц ажлын байраар зогсохгүй АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөс гадна Монголын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд шууд нөлөөлнө. Энэ том төсөлд АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэснээр Аризона, Колорадо, Иллинойс, Техас зэрэг мужид мянгаар тогтохгүй ажлын байрыг дэмжих боломжтой” хэмээн мэдэгджээ.
“Рио Тинто”, “Туркойз Хилл” компани Оюутолгой төслийн дараагийн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд томоохон банк, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа. Ойролцоогоор 5 орчим тэрбум долларыг зээлэхээр төлөвлөж байгаа юм.
Харин төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоож байж төслийн дараагийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээр хийнэ хэмээн Монголын Засгийн газар мэдэгдээд байгаа юм.
С.Болд