Оросын “Мечел”-ийн охин компани “Мечел Карбон” /Сингапур/ болон Хятадын “Baosteel Group” корпорацийн “Baosteel Resources” компани нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээг үзэглэв. Оросын компани зургаадугаар сараас эхлэн 40-80 мянган тонн нүүрс Алс Дорнод дахь өөрсдийн эзэмшил Ванино боомтоор “Baosteel Resources” компанид нийлүүлэх юм. Нүүрсний үнийг сар бүр тогтоож байхаар тохиролцсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус компаниуд жил бүр 960 мянган тонн нүүрс нийлүүлэх мөн урт хугацааны гэрээг байгуулсан билээ. Үүнээс гадна Оросын “Мечел” нь Өмнөд Солонгосын “POSCO” компанитай жил бүр 500 мянган тонн нүүрс нийлүүлэх гурван жилийн хугацааны гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн таван сарын хугацаанд тус компани нь 500 мянга гаруй тонн нүүрс Хятадын Цянсу муж дахь “Shasteel” кокс-химийн үйлдвэрт нийлүүлжээ. “Shasteel” нь жилд 35 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай Хятадын томоохон хувийн аж ахуй нэгж юм.
Э. Од