Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

CoalTrans гурав дахь жилдээ болж байна

Нүүрсний салбарын томоохон хурал CoalTrans Mongolia хөрөнгө оруулагчдын хурал гурав дахь жилдээ болж байна. Өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн хуралд 11 орны төлөөлөгч оролцож байгаа юм.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь өөрийн компанийн үйл ажиллагаа, дэд бүтцийн төслүүдийн талаар танилцуулав. Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил Зүүн цанхийн уурхайгаас багадаа 5 сая тонн, Баруун цанхийн уурхайгаас 2,5 сая тонн нүүр экспортлохоор төлөвлөж байгаа аж. Мөн ойрын өдрүүдэд 20 сая тонны хүчин чадалтай 500 орчим сая долларын хөрөнгө оруулалттай нүүрс угаах үйлдвэрийн олон улсын нээлттэй тендерийг зарлах гэж байгаагаа тэрбээр мэдэгдлээ. Тус компанид тулгарч байгаа асуудлын нэг нь усны хангамж юм. Засгийн газраас Балгасын улаан нуураас 150 л/с ус ашиглах зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компанид зөвшөөрсөн ч орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа аж. Орон нутгийн удирдлага Балгасын улаан нуурыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр эрчимтэй ярилцаж байгаа хэмээн Я.Батсуурь захирал онцоллоо.
Хятадын нүүрсний зах зээл ямар байх талаар Frontier Securities”-ийн Гүйцэтгэх захирал Маса Игата, Хятадын Shanxi Fenwei Energy Consulting компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Лютер Лю нар илтгэл тавилаа. "Богино хугацаанд Хятадын байгалийн баялгийн эрэлт өсөх хандлага харагдахгүй байна" хэмээн Маса Игата онцлов. Тэрбээр мөн Монголын уул уурхайн компаниудын эрсдэл 12-13 хувиар нэмэгдсэн гэдгийг хэлж байв.
Харин зах зээлийн судалгаа хийдэг Shanxi Fenwei Energy Consulting компанийн төлөөлөгч "Хятадын эрэлт хэрэгцээ мөнхөд ийм өндөр байхгүй. Хятад одоо хөгширч байгаа зах зээл болж байна. Монгол Хятадын энэ өндөр өсөлтийг сайн ашиглах хэрэгтэй" гэсэн юм. Тэрбээр тавдугаар сарын 29.нд BHP -н гаргасан мэдээлэлд "Хятад ирээдүйн хэрэгцээгээ дотоодоосоо хангана" гэсэн байсныг онцолсон. Ирээдүйд Хятадын эрэлт буурч, эрэлтээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой улс хэмээн тэрбээр хэлэв.

CoalTrans Mongolia нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын хурал Монголын хөрөнгийн зах зээл, төмөр зам, дэд бүтцийн төслүүдийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

 

С.Болд