Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн хувьцаа 10 хувиар унав

Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 5,24 хувиар унаж, 5,42 доллараар хаагджээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус компанийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар унаад байна. Тус компани Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг юм.

Компанийн хувьцаа ингэж огцом унах болсон гол шалтгаан нь “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хойшилсонтой холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Ямар ч байсан компанийн зүгээс энэ сардаа багтаан экспортоо эхлүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр экспорт эхэлж магадгүй байна. “Туркойз Хилл”-ийн хувьцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард 5,03 ам.доллар болж сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үнэдээ хүрээд байсан юм.

Мөн урьд шөнө, Европ, Америкийн голлох индексүүд бүгд уналттай хаагджээ. Английн FTSE 100 индекс гэхэд 1,42 хувиар, Францын CAC 40 индекс 1,71 хувиар, Америкийн S&P 500 1,21 хувиар тус тус буурчээ. Хувьцааны зах зээл ингэж унах болсон нь Европын холбооны Сангийн сайд нарын уулзалт, Хятадын төв банкнаас гарсан таагүй мэдээллүүдтэй холбоотой аж.

Харин өнөөдөр Азийн хөрөнгийн биржүүдийн арилжаа эхэлсэнээс хойш Монголын компаниудын хамгийн өндөр уналтыг Mongolian Mining Corporation үзүүлж байна. 12,00 цагийн байдлаар тус компанийн хувьцааны үнэ 5,96 хувиар унаж, 1,42 хонконг доллар болоод байна. Мөн “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны үнэ 6,23 хувиар унаж, 9,49 хонконг доллар болоод байна. Өнөөдрийн байдлаар дээрх хоёр компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрээд байгаа юм.


С.Болд