Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC-ийн нүүрс боловсруулах чадамж 15 сая тоннд хүрнэ

Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй, Монголын нүүрсний голлох экспортлогчдын нэг “Mongolian Mining Corporation” уурхайн дэргэдэх нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ гуравдугаар модулийг ашиглалтад оруулах бүх болзлыг хангаснаа өнөөдөр мэдэгдлээ. Нүүрс боловсруулах үйлдвэрийн гуравдугаар модулийн ажлыг Улсын комисс өнгөрсөн зургадугаар сарын 13-нд хүлээж авсан байна. Тус компани үйлдвэрийн нэгдүгээр модулийг 2011 оны зургадугаар сард ашиглалтад өгч байсан бөгөөд хоёрдугаар модулийг өнгөрсөн оны хоёрдугаар сард нээж байсан юм. Ийнхүү эцсийн буюу гуравдугаар модулийн бүтээн байгуулалтыг дуусгаснаар тус компанийн нүүрс боловсруулах чадамж жилд 15 сая тонн болж нэмэгдэж буй юм. Компанийн мэдээлж буйгаар энэ оны гуравдугаар улиралд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвтэй байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, бүтээн байгуулалтыг дэлхийн инженерингийн тэргүүлэх компани “Sedgman хийж гүйцэтгэсэн байна. Гуравдугаар модулийн бүтээн байгуулалтын зардал нийтдээ 76 сая ам.доллар болсон бөгөөд жилдээ 5 сая тонн түүхий нүүрс боловсруулах хүчин чадалтай юм. Одоогийн байдлаар тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 3.47 хувиар өсч 1.49 хонконг доллар болоод байна. 

Б.Төгс