Монголын бизнесийн зөвлөлөөс уул уурхайн салбарын талаар хэлэлцсэн “Mongolian Mining Summit 2013” хурлыг аравдугаар сарын 29-31-ний хооронд Австралид зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын үеэр манай уул уурхайн салбарын зах зээлд шинээр оролцогч болоход учирч болох бэрхшээл, байгаль орчны асуудал, ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах, дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэх юм.
Хуралд Монголын эрдсийн салбарын ирээдүйн хөгжил, хандлагын талаар Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу илтгэл тавина. Мөн Монгол дахь гадны хөрөнгө оруулалтын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Двайер, Монголын коксжих нүүрс Хятадын зах зээлд ямар байр суурь эзлэх талаар “Англо Американ” компанийн Монгол дахь салбарын Ерөнхийлөгч Грэм Хэнкок, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн болон ирээдүйн бүтээн байгуулалтын талаар Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа нар илтгэл тавих юм. Түүнчлэн “Дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа зах зээлд нэвтрэхэд тохиож буй саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг болох юм байна. Энэхүү хэлэлцүүлэгт “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Аспайр Майнинг” компанийн дэд захирал Дэвид Пол болон бусад компанийн төлөөлөл оролцох ажээ.
Э.Хулан