“Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулж буйгаа өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал “Рио Тинто” компани төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад зарцуулагдах 5 тэрбум ам.долларын санхүүжилт Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах хүртэл орж ирэхгүй. Засгийн газар санхүүжилтийг батлах хүртэл тодорхой хугацаа шаардагдана гэж мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилт, бүтээн байгуулалт бүрэн зогссон тухай "Рио Тинто" компани олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Түүнчлэн Монголын Засгийн газар одоогийн байдлаар зуны “түр амралт”-аа аваад буйг тэмдэглэжээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа 18 хувиар буурчээ.
Гэхдээ энэ бол “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой юм. Харин төслийн нэгдүгээр үе шат буюу ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ажээ. Төлөвлөгөө ёсоор Оюутолгой төсөл эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 650 мянган унц алт, гурван сая унц мөнгө үйлдвэрлэх юм байна. Цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед жилд 850 орчим мянган тонн зэсийн баяжмал, нэг сая унц алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм.
Б.Төгс