Өмнөговийн нүүрсний томоохон уурхайнуудын нэг болох Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс” компани ашиглалтын гурван лиценз авах ажлаа урагшлууллаа. Тодруулбал, тус компани Ашигт малтмалын газартай 5267Х, 13779Х, 9449Х зэрэг ашиглалтын лицензэд хамаарах Ашиглалтын өмнөх гэрээг байгуулжээ. Олон улсын хэвлэлүүдээр тус компанийг үүнтэй холбоотойгоор Монголын Засгийн газартай үүсгээд буй хөрөнгө оруулалтын маргааны тухай мэдэгдлээ буцаан аваад буй гэсэн мэдээлэл цацагдаад байна.
Эдгээр лиценз нь тус компанийн Сүмбэр, Загсүүж зэрэг нүүрсний ордын нутагт хамаарах юм байна.
Тус компанийн хувьд энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа саяхан зарласан бөгөөд мөн хугацаанд 33.7 сая долларын алдагдалтай ажилласнаа мэдэгджээ. Үүнд тус компанийн нүүрсний борлуулалтын үнэ өмнөх улиралтай харьцуулахад 77 хувиар буурч, тонн тутам нь 14.4 доллар болсонтой холбоотой ажээ. “Саутгоби” уг нь энэ онд 3.2 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөөд байсан ч энэ зорилгоо цуцалсан байна. Хятадын нүүрсний зах зээл сайнгүй байгаа тул тус компани ийнхүү үйл ажиллагааны төлөвлөлтөө өөрчлөхөөр шийдвэрлэжээ.