Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто төмрийн хүдрийн Симандоу төслөө хойшлууллаа

Төмрийн хүдрийн үлэмж нөөц бүхий "Симандоу" төслийн олборлолт гурван жилээр хойшлохоор болж байна. "Рио Тинто" компани Хятадын төрийн өмчийн "Чалко" компанитай хамтран Гвинейн "Симандоу" уулан дахь төмрийн хүдрийн төслийг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 20 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Одоогийн байдлаар "Рио Тинто" компани уг төсөлд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг аль хэдийнэ хийгээд буй ажээ. Төслийг эхлүүлэх хугацааны тов ийнхүү гурван жилээр хойшилсон явдал нь төмрийн хүдрийн үнэ зах зээлийн таагүй нөхцөл байдал болон уг түүхий эдийн нийлүүлэлт зах зээлд илүүдэж байгаа нь нөлөөлжээ. Гэхдээ илүү чухал хүчин зүйл нь ордыг далайн боомт руу зөөвөрлөхөд ашиглах 650 км төмөр зам, мөн хүдрийг ачаалах боомтын дэд бүтцийн санхүүжилтийг тохиролцоход нэгдсэн шийдэл хүрэлгүй байсаар иржээ. "Рио Тинто"-гийн төлөөлөл санхүүжилтийн нарийвчилсан нөхцөлийг ирэх сарын сүүл гэхэд боловсруулан танилцуулж, оны сүүлээр Гвинейн Парламентаар батлуулах байх гэж тайлбарлаж байна. 



Одоогийн байдлаар тодорхой байгаа зүйл гэвэл "Симандоу" төслийг 2018 оны сүүлээр ашиглалтад оруулах тухай "Рио Тинто", "Чалко", "Дэлхийн Банк", Гвинейн Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд тусгажээ.



Энэхүү төсөл нь бүрэн хүчин чадлаар хэрэгжиж эхлэх үед уурхайгаас "Рио Тинто" жилдээ 95 сая тонн төмрийн хүдэр олборлох юм. Энэ нь "Рио Тинто"-гийн одоогийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийн уурхай дундаа гуравдугаарт орох юм. Симандоу төслийг "Рио Тинто" 2011 оны дөрөвдүгээр сард Гвинейн Засгийн газартай гэрээ хийн ашиглах зөвшөөрлөө авч байсан юм. Энэ хүрээнд "Рио Тинто" тус улсын Засгийн газарт 700 сая ам.доллар төлөхийн зэрэгцээ, ордын нийт хувьцааны 35 хувийг эзэмшүүлэхээр тохиролцжээ.



"Симандоу" ордын нийт нөөц нь одоогийн байдлаар 2.4 тэрбум тонноор хэмжигдэж байна. 






Б.Төгс