Монголын эдийн засгийг тэргүүлэгч
уул уурхайн салбарт олон улсын хөрөнгө оруулагчдыг урин дуудах “Дисковер
Монгол” чуулга уулзалт 11 дэх
жилдээ зохион байгуулагдаж байна. Хөрөнгө оруулахад таатай төслүүдээ танилцуулж,
уул уурхайн салбар дахь төрийн бодлого, үзүүлэх хөнгөлөлтийн талаар хэлэлцэж
санал бодлоо солилцдог уламжлалтай энэхүү арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
Энэ
удаагийн чуулга уулзалт нь манай улсын уул уурхайн салбарын таагүй бөгөөд
тогтворгүй, басхүү тодорхойгүй үед болж буйгаараа онцлог гэж хэлж болох юм. Төлөөлөгч
зочдын хувьд ч өмнөх жилүүдээсээ хөл хөдөлгөөн багатай байна. “Дисковер Монгол 2013” чуулганаар Монгол
улсын хөгжлийн “тулгын гурван чулуу” болсон төр, иргэний нийгэм болон аж ахуйн
нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, дуу хоолойг сонсох, хамтдаа шинэ
боломжийг эрэлхийлэхэд санал бодлоо солилцоход чиглэжээ. Тиймдээ ч чуулганы
эхний өдрийн “оргил үе” нь дээрхи гурван төлөөлөл оролцсон “Хууль эрх зүйн
тогтвортой орчин ба уул уурхай” хуралдаан байлаа.
Мөн энэ өдөр Монголын
нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод өрсөлдөх чадварын тухай “Монгол нүүрс”
ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран, Оюутолгойн бүтээн байгуулалтын талаар удахгүй
албан тушаалаа өгөх гэж байгаа “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал
Камерон МакРей, “Уул уурхайн салбарт төр хэрхэн оролцож болох вэ?” “Runge Pincock Minarco” компанийн төлөөлөгч
Стэвард Коатэс нар тус тус илтгэл тавьж, “Дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл
ба уул уурхай”, “Байгаль орчин ба уул уурхай” хурлууд зохион байгуулагдах юм.
Э.Од