"Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрейн гэрээт хугацаа дуусч ажлаа өгч байгаа билээ. Түүний оронд ямар хүн томилогдох нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. "Рио Тинто"-гийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Б.Болдыг "Оюутолгой" компанийн захирлаар томилогдоно хэмээн яригдаж байсан.
"Оюутолгой" компанийн шинэ захирлын нэр тодорсон бөгөөд ирэх сарын нэгнээс ажлаа хүлээж авах юм байна. "Рио Тинто" компанийн Зэсийн группын Маркетинг эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Craig Kinnell томилогдож байгааг тус компани албан ёсоор мэдээллээ.
Тэрбээр маркетинг эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байсан бөгөөд 1985 оноос "Рио Тинто"-д харьяалагдах болжээ. Сүүлийн 25 жил уул уурхайн маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай. Намиби, Герман, Өмнөд Африк, Хятад, Канад зэрэг улс дахь "Рио Тинто"-гийн салбарт удирдах албан тушаал хашиж байжээ. Тодруулбал, "Rio Tinto Uranium" компанийн Ерөнхий захирал, "Rio Tinto Iron&Titanium" компанийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.