“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
“Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж, компанийн удирдлагад зарим өөрчлөлт оруулсан гэсэн. Яагаад ийм өөрчлөлт хийх болов?
“Оюу толгой” компани, “Оюу толгой” төслийн талаар олон түмэн сайн мэдэж байгаа. Энэ төслийн үйл ажиллагааг удирдаж буй “Оюу толгой” компанийн ТУЗ-д сая зарим өөрчлөлт орлоо. Энэ нь ТУЗ-ийн зарим гишүүний томилолтын хугацаа дууссантай холбоотой өөрчлөлт юм. Томилолтын хугацаа нь дууссан Монголын талын гурван монгол гишүүн, гадаадын хөрөнгө оруулагч талыг төлөөлсөн хоёр гишүүн солигдсон. Энэ хүрээнд манай компанийн ТУЗ-д байсан П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нар солигдлоо. Тэдний оронд Засгийн газраасГ.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Д.Ганболд гурван шинэ гишүүнийг санал болгон оруулж ирсэн. Засгийн газраас санал болгосон энэ гурван гишүүнийг ТУЗ-ийн ээлжит хурлаар хэлэлцээд томилолтыг нь баталгаажууллаа. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагч талын төлөөлөл болсон хоёр хүнийг шинээр оруулж батлав.
Энэ хүмүүс маш сайн ажилласан. Ялангуяа Монголын талын гурван гишүүний талаар үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй байх. Энэ гурван хүн сүүлийн гурван жил хагасын хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаад өнөөгийн үйлдвэрлэлийн шатанд хүргэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн технологид хяналт тавих гэх мэтээр маш бүтээлчээр ажилласан хүмүүс. Тэд ТУЗ-д их эрч хүчтэй бүтээлчээр ажиллаж байсан гэдгийг онцлох хэрэгтэй.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлыг сольсон тухай мэдээлсэн. Ямар туршлагатай, хэн гэдэг хүнийг томилов?
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлаар Камерон МакРей гэдэг гадаад хүн хоёр талын зөвшилцлөөр гурван жил ажиллаад хугацаа нь дуусч байна. Энэ хугацаанд “Оюу толгой” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагааг амжилттай дуусгаж баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэл хэвийн явж буй ийм үед хугацаа нь дууслаа. Ийм учраас хөрөнгө оруулагчид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөөд Крэйг Киннел гэдэг хүнийг энэ албанд томилсон. Крэйг Киннел бол “Рио Тинто”-д 27 жил ажилласан, өмнө нь тус группын зэсийн салбарын Худалдаа, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. Африк, Зүүн өмнөд Ази, Латин Америкийн ижил төстэй уурхайнуудад ажиллаж, зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр борлуулах ажлыг эрхэлж байсан, өндөр мэдлэг, баялаг туршлагатай хүн. Ийм хүнийг хоёр тал тохиролцоод сонгож авсан хэрэг. Уржигдар манай компанийн ТУЗ хуралдаад зохих дүрэм журмын дагуу түүнийг томилсон. Энэ хүн аравдугаар сарын нэгнээс ажилдаа орно.
Өмнөх захирал Камерон МакРей маш бүтээлч, шаргуу ажиллаж төслийн нэгдүгээр үе шатыг амжилттай дуусгахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн. Хоёр захирлын солилцоон дээр “Оюу толгой” төслийн нэгдүгээр үе шат дуусч байна.
“Оюу толгой” компаниажилчдаа халаад эхэллээ, үйл ажиллагаа нь зогсчихов уу гэсэн яриа гадуур их байх юм. Камерон МакРей захирал “Дисковер Монгол” чуулга уулзалт дээр далд уурхайг ажиллуулах хүсэл сонирхол хоёр талд байвал “Оюу толгой”-н үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэх утгатай зүйлийг хэлж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? Далд уурхай хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
"Оюу толгой" зогссон, хаагдсан юм байхгүй. Энэ бол хоёр тусдаа ойлголт. Манай хамт олны гурван жил гаруйн нөр их хөдөлмөрийн хүчээр ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Түүнийг дагасан дэд бүтэц бий болов. Одоо “Оюу толгой” үйлдвэрлэлээ бүрэн явуулж байгаа. Наймдугаар сарын эхнээс бүрэн хүч чадлаараа ажиллаж байна. Баяжмалаа экспортолж байна. Олборлолт, борлуулалт хэвийн явж байна. Нэгдүгээр үе шатны ажил амжилттай дуусч, одоо үйлдвэрлэл жигдрээд байна. Хоёр дахь үе шат буюу далд уурхайг байгуулах ажлыг эхлээд явж байсан. Түүнийг л түр хугацаагаар зогсоосон юм. Үүнтэй холбоотойгоор манай компанитай гэрээтэй ажилладаг зарим аж ахуйн нэгжийн ажлын хэмжээ багассан учраас ажилчдаа цөөлөх зүйл гарсан. “Оюу толгой” уурхай “Эрдэнэт” үйлдвэр шиг хэвийн ажиллаж байгаа гэдгийг давтан хэлье. Монголын залуучууд гадаадын мэргэжилтнүүдийн хамт “Оюу толгой” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Цаашид ч үйлдвэрлэлээ зогссоохгүй хэвийн явуулна. Энэ хугацаанд далд уурхайгаа ашиглалтад оруулна.
С.Болд