“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийн шалгалт дуусчээ. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн сайд Д.Ганхуягт танилцуулаад байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ. Шалгалтаар зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн хэмээн Д.Ганхуяг сайд мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр мэдээлсэн юм.
“Оюутолгой” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт дууссаныг “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх мэдэгдсэн. Эхний ээлжийн бүтээн байгуулалтад зарцуулсан анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас өндөр гарсан. Оюутолгой компанийн зүгээс анхны хөрөнгө оруулалт 6.5 тэрбум доллар болж, ТЭЗҮ-д тусгасан тооноос 800 орчим сая доллараар нэмэгдсэн хэмээн мэдээлдэг бол Засгийн газар хоёр тэрбум орчим доллараар нэмэгдсэн гэдэг.
“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын энэхүү зөрүүтэй тоонууд болон хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодруулахаар Засгийн газраас 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн хавраас төсөл дээр ажилласан юм.
Дашрамд дурдахад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой”
компанийн шинэ Гүйцэтгэх захирал Крейг Киннелл лхагва гаригт уулзсан тухай “Монцамэ”
агентлаг мэдээлсэн байна.
С.Болд-Эрдэнэ