“FireBird Management” компанийн хөрөнгө оруулалт бүхий “Бэрх Уул” ХК-ийн эзэмшлийн Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” компани худалдаж авахаар болоод байна.
Энэ тухай есдүгээр сарын эхээр Prima мэдээлжээ. Тус компани Канадын Британийн Колумб мужид “Liard Fluorspar” жоншны төслийг мөн эзэмшдэг байна. Дэлгэрхаан ордыг эзэмшсэнээр тус компани дэлхийд жоншны үйлдвэрлэлээрээ нэлээд томоохонд тооцогдох үйлдвэрлэгч болох юм. Хэнтий аймагт орших Дэлгэрхааны ордын жоншны нөөцийг 2.1 сая тонн гэж тогтоогоод буй юм. Харин үйлдвэрлэлийг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд жилд 120 мянган тонн жонш үйлдвэрлэх төлөвтэй байна. Уг ордод хийсэн “Микромайн” компанийн судалгаагаар уг хэсэгт 6.6 сая тонн 33.7 хувийн агуулгатай жонш буй ажээ.
Мөн нэмэлт гурван сая тоннын 33.7 хувийн агуулга бүхий нөөц илрэх ч боломжтойг тогтоосон байна. Энэхүү ордыг Prima эзэмшихийн өмнө тус компанийн бүртгэл бүхий Торонто хөрөнгийн бирж (венчур) болон компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах шаардлагатай байгаа юм. Түүнчлэн “Бэрх Уул”-ын уг ордын төсөлд зориулж тус компани 6 сая доллар босгох шаардлага эхний ээлжинд тавигдах ажээ.
“Бэрх Уул” компани нь 1954 онд байгуулагдсан бөгөөд жоншны зургаан лиценз эзэмшдэг байна. Харин Дэлгэрхаан орд бол тус компанийн хамгийн гол орд газар юм.