Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Энэ улиралд тус компани судалгаа хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийж, IP судалгаагаар өмнө нь судлагдаагүй хэсгийг болон илүү гүн хэсгийг судлах юм байна. Тус компанийн эзэмшиж буй нийт гурван лицензийн талбай нь 60 мянган га талбайг хамарч буй юм. “Kincora Copper” компани энэ оны нэгдүгээр хагасыг үдэх үедээ 2.3 сая ам.долларын боломжит хөрөнгөтэй байсан нь өмнөх оны мөн үед хөрөнгийн хэмжээ нь 1.6 сая ам.доллар байсантай харьцуулахад дээгүүр үзүүлэлт юм. Тус компани энэхүү хөрөнгийг ирэх он хүртэл үйл ажиллагаандаа зарцуулах юм байна.
“Kincora Copper” компани үйл ажиллагааны зардлаа хэмнэж эхэлсний зэрэгцээ удирдах албан тушаалтнууд нь компанийн хувьцааны тодорхой хэсгийг худалдаж авсан байна. Хэдийгээр Монголд хөрөнгө оруулах нөхцөл боломжийн тухайд таагүй уур амьсгал давамгайлаад буй ч “Kincora Copper” ойрын гурваас зургаан сарын хугацаанд нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Б.Төгсөө