Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монгол улс уран олборлоно

Өнгөрсөн бямба гаригт энэхүү түүхэн гэж хэлж болох шийдвэрийг Монголын талаас гаргалаа. Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын төрийн өмчит “Арева” компанийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанитай хамтран “Арева Майнз” компани байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурсан юм. “Арева Майнз” компанийн 34 хувийг “Мон-Атом” компани эзэмших юм. Мөн “Арева Монгол” компани Японы “Мицубиши” корпорацитай хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Ингэснээр “Мицубиши” корпораци “Арева Монгол” компанийн 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх юм байна.

Энэхүү чухал үйл явдалд Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, “Арева”-гийн Ерөнхийлөгч Люк Урсел, “Мицүбиши” корпорацийн Ерөнхийлөгч Кен Кобаяаши, “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан зэрэг өндөр албаны хүмүүс оролцов.

Монгол улс өнөөдөр 100 мянга гаруй тонн ураны нөөцтэй. Энэ нь цаашдаа 1,5 сая тонн болж өсөх боломжтой хэмээн Цөмийн энергийн газраас мэдээлж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг кг шар нунтаг 80 орчим ам.долларын үнэтэй байгаа бөгөөд ураны салбар эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй юм.

 “Арева Монгол” компани Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод хайгуул хийж, нийт 63.000 тонн нөөцийг тогтоогоод байгаа юм.  Шинээр байгуулж буй “Арева Майнс” компани нь тус ордод үйл ажиллагаа явуулах юм байна.

“Арева” группийн Ерөнхийлөгч Люк Урсел “”Арева одоогоор Монгол Улсад 140 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Төслийн хамгийн шийдвэрлэх үе шат удахгүй эхэлнэ. Ирэх оноос ТЭЗҮ-ээ боловсруулах үед төслийн эдийн засгийн үр ашиг илүү тодорхой болно. 2016-2017 онд туршилтын үйлдвэр барих ажил хэрэгжинэ..Төсөлд гурван улсын компани оролцож буй учраас цаашид амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. 

С.Болд