Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурал болно



Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.  Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Уул уурхайн яамтай хамтран зохион байгуулах бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн Ордны “А” танхимд 9.00-13.00 цагт болох юм.  

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, өмнөх алдаа, сургамж, төрийн бодлогын цаашдын зарчмын талаар байр сууриа илэрхийлнэ. Түүнчлэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг анх удаа гарч буйтай холбоотойгоор Уул уурхайн сайд Д.Ганхуяг, мөн Яамны Газрын дарга нар танилцуулга хийнэ. УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа болон Ажлын хэсэгт ажилласан гишүүд, Байнгын хорооны төлөөлөл бүхий бүрэлдэхүүн уг Хэлэлцүүлэгт оролцоно. Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон тус Агентлагийн газрын дарга нар үйл ажиллагааныхаа талаар шинэ мэдээлэл хүргэн, ирэх жилүүдэд хийгдэх ажлуудын талаар танилцуулна.   

Төрийн байгууллагуудын зүгээс ийнхүү анхаарал тавин оролцох уг арга хэмжээнд уул уурхайн салбарын Мэргэжлийн холбоодын тэргүүнүүд болон салбартаа тэргүүлэх компаниудын удирдлагууд уригдан оролцох юм.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь өнгөрсөн жилүүдийн алдаа онооны Сургамжийг салбарын хэмжээнд дүгнэн цэгнэх, төр засгийн цаашдын шийдвэрт зайлшгүй анхаарч тусгах хэмжээний Дүгнэлт-Зөвлөмж гаргахад чиглэж байгаа юм. Тус Сэтгүүлийн редакци нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн туршлагадаа үндэслэн, салбарын хамт олны өмнө тулгамдаж буй асуудлыг нээлттэй тавьж, шийдвэр гаргах түвшинд ажил хэрэгчээр хүргэх өгөөжтэй механизмыг ээлжит Хэлэлцүүлгээрээ хөндөн гаргахыг эрмэлзэж байна.