Ийм сэдвээр “Тавантолгой цахилгаан
станц” төслийн удирдагч М. Энхсайхан сонирхолтой илтгэл тавина. Уул
уурхайн том төслүүдийн тухай түгээмэл ойлголтоос өөр, шинэлэг баримт
санаа агуулсан энэхүү илтгэлийг тэрбээр энэ баасан гаригт төрийн Ордны
“А” танхимд болох хэлэлцүүлэг дээр хийх юм. Мөн “Уул уурхайн тээврийн
дэд бүтэц” сэдвээр Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн
Л. Пүрэвбаатарын тавих илтгэл салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүдийн
анхаарлыг татах нь дамжиггүй.
Ялангуяа Төрөөс Эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлогын баримт бичгийн эхний хэлэлцүүлгийг Чуулганаар
хийх гэж байгаа үед уг баримт бичиг нь манай улсын худалдааны болон дэд
бүтцийн бодлоготой хэрхэн уялдсаныг нягтлан хэлэлцэх зайлшгүй
шаардлагатай юм.
“Эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил” сэдэвт уг
хэлэлцүүлэгт дээрхээс гадна уул уурхайн салбарын өмнөх ба өнөөдөр, ирэх
жилүүдийг зангидан дүгнэсэн цөөнгүй илтгэл тавигдах юм. Уул уурхайн сайд
Д. Ганхуяг дэлгэрэнгүй танилцуулга хийх ба түүний илтгэлд уул уурхайн
бүтээгдэхүүний экспортын 20 жилийн төсөөллийг танилцуулна гэсэн хүлээлт
байгаа. Урт хугацааны худалдах, худалдан авах гэрээний талаар, боомтын
төмөр зам зэрэг чухал асуудлаар Яамдын газар, хэлтсийн дарга нар
хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулах биз ээ.
Уул
уурхайн яам, Ашигт малтмалын газрын дарга нар бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн
ирэх уг хэлэлцүүлэг хуралд Мэргэжлийн холбоодын тэргүүн, компанийн
захирлууд, Байгаль орчны яамны удирдлагууд мөн оролцоно. Төрөөс эрдсийн
салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдсаны дараа зарим хуульд
өөрчлөлт орох бөгөөд тэдгээр нь эрдэс баялгийн салбарын цаашдын
тогтвортой, өрсөлдөх чадвартай хөгжлийн суурь болох учиртай. Тиймээс
өнгөрсөн 20 жилийн сургамж ба ирэх 20 жилийн чигийг уялдуулан ярилцах уг
хэлэлцүүлэгт салбарынхан, шийдвэр гаргагчид ихээхэн анхаарал хандуулж
байна.
Түүнчлэн “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил”
хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан
оролцож үг хэлнэ. Бодлогын баримт бичигтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн
байр суурийг салбарынхан сонирхож байгаа нь дамжиггүй.
www.mongolianminingjournal.comwww.journalism.mn