Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд нээгдсэн “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20” жил хэлэлцүүлгийн үеэр олон чухал илтгэлийг хэлэлцлээ. “Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдагч М. Энхсайханы тавьсан илтгэлийн хураангуйг Та бүхэн “Эдийн засаг” хэсгээс харж байна. Харин Монголын төмөр замын инженерүүдийн холбооны Тэргүүн Л. Пүрэвбаатарын тавьсан илтгэл болон дэлгэсэн баримтууд нь энд цугласан уул уурхайн салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүд, хэвлэлийнхний чихийг дэлдийлгэв.
Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ-ийг 6 тэрбум төгрөгөөр хийж өгсөн гэх Маккинсэй энд Консалтинг компанийн талаар ноцтой баримтуудыг тэрбээр дэлгэсэн юм. Үнэхээр ийм хэмжээний өртгөөр Шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг Маккинсэй хийж өгсөн үү, өгсөн бол хэр үндэслэлтэй ТЭЗҮ байсан, их хэмжээний өртөгтэй уг ажлын үр өгөөж юу юм бэ гэсэн асуулт урган гарч байгаа юм. Уг асуудлыг тодруулж гаргах нь “Шинэ төмөр зам” төсөл амжилттай хэрэгжих эсэхэд мөн хариулт өгөх учир төр, засгийн түвшинд зайлшгүй анхаарах ёстой.
2011 оны дөрөвдүгээр сар эхлүүлж, наймдугаар сард манай талд хүлээлгэн өгсөн гэх уг ТЭЗҮ-ний Зөвлөх үйлчилгээний гэрээг Монголын төмөр замын тухайн үеийн дарга Б. Батзаяа үзэглэжээ.
Түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл буюу төрийн гурван өндөрлөгт 2011 онд тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х. Баттулгын гаргаж өгсөн таницлуулга бодитой байсан эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай гэдгийг хуралд оролцогчдод танилцууллаа. Учир нь Х. Баттулга сайдын танилцуулгад үндэслэн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс Зөвлөмж гаргасан, түүндээ Төмөр замын бодлогод тусгасан нэг ба хоёрдугаар шатны төмөр замыг эхлүүлж, 2013 он гэхэд ашиглалтад оруулах зөвлөмжийг бүр 2011 онд Төрийн гурван өндөрлөг гаргасан атал юуны учир хоёрдугаар үе шат гэх Гашуунсухайт чиглэлийн ажлыг эхлүүлээгүй талаар зайлшгүй тодруулах ёстой хэмээн төмөр замын салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн, өдгөө Шинэ төмөр замын Гашуунсухайт чиглэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд уул уурхайн төмөр зам барих туршлагатай эсэх, ерөөс уг 247 км төмөр замын ажлын тендер ямар журмаар зарлагдаж, гүйцэтгэгчдээ сонгосон талаар тунгалаг мэдээллийг Зам тээврийн яам өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Ерөөс бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа төмөр замыг яагаад Зам тээврийн яам харицуах ёстой вэ, энэ нь Монгол улсын Барилгын тухай хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлийг уг хэлэлцүүлэг дээр мөн хөндсөн юм. Энэ мэт олон халуун асуудлыг хөндсөн “Эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил, сургамж” хэлэлцүүлэг болж өнгөрөв. Уг хурал хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Уул уурхайн яам, Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг дээр яригдсан бүхий л статистик, баримт мэдээллийг Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаараас бүрэн эхээр нь үзээрэй.