Монголын ашигт малтмал баяжуулагчдын Чуулган арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Эрдэнэт хотноо болох гэж байна. Баяжуулагчид Их чуулганаараа доорх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
МАМБХ-ны дүрмийг шинэчлэн батлах, МАМБХ-ны салбар зөвлөлүүдийг үйлдвэр, албан байгуулагуудад байгуулах, мэргэжлийн клуб зэрэг нэгдлүүдийг бий болгож, богино хугацааны мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөнийг зохион байгуулах, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бүтээх, тэдгээрийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, МАМБХ-ны мэдээллийн системийг боловсронгуй болгох, туршлага солилцох аялал зохион байгуулах, мэргэжлийн ажилтан солилцох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Холбооны нүүр царай болсон форумтай болох, мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох, Баяжуулагчдын ордонтой болох зэрэг асуудлыг хэлэлцэж, ажил хэрэгч шийдэл гаргахаар төлөвлөжээ.
Монголын уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх байр суурь жилээс өсөн нэмэгдэж байна. Боловсруулах үйлдвэрийн тоо нэмэгдэхийн хэрээр техник технологийг мэргэжлийн нэгдмэл удирдлага, зөвлөмжөөр хангах шаардлага зайлшгүй урган гарч байгаа билээ. Тиймээс Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих нийтлэг шаардлага, технологийн аудит хийх талаар Монгол улсын стандартыг боловсруулахаар ажиллаж байгаа аж.