“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ. Энэхүү нэмэлт хувьцааны арилжаагаар “Turquoise Hill” компани нэг тэрбум хувьцааг өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ арилжаалахаар байгаа юм.
Тус компани энэ сарын 12-нд Нью-Йорк, NASDAQ, Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаагаа арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханшаас 42 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2.40 ам.доллар (2.53 канад доллар)-аар худалдаалж эхлэх тухайгаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Нэмэлт хувьцааны арилжаанд тус компанийн хувьцаа эзэмшигч бүр оролцох эрхтэй бөгөөд эзэмшиж буй нэгж хувьцаа бүрийн тоогоор хувьцааг хөнгөлттэй үнээр авах эрхээ хэрэгжүүлэн хувьцаа худалдаж авах юм. Энэхүү хугацаа нийт 27 өдөр буюу ирэх нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх сонирхолгүй хувьцаа эзэмшигчид өөрийн эрхээ бусад хувьцаа эзэмшигчдэд арилжих боломж бас нээлттэй ажээ.
Харин нэмэлт хувьцаа худалдаж авах эрхээ бусдад зарснаар тухайн хувьцаа эзэмшигчийн “Turquoise Hill” компанид эзэмших хувьцааны эзэмшлийн хэмжээ нь буурах юм байна. Учир нь уг арилжааны дүнд тус компанийн нийт 1.01 тэрбум хувьцааны тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм. Чухам ийм учраас тус компанийн томоохон хувьцаа эзэмшигч Роберт Фридланд Канадын “тэнэгүүд” хувьцаа худалдаж авах эрхээ бүгд адилхан хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж саяхан мэдэгдсэн билээ.
Ийнхүү “Оюутолгой” төслийн хяналтын багцыг эзэмшигч “Turquoise Hill”-ийн нэмэлт хувьцааны арилжаа өнөөдөр Нью-Йоркийн бирж дээр (TRQ RT), NASDAQ дээр (TRQ. R), Торонтогийн бирж дээр (TRQ.RT.) кодтойгоор арилжаалагдаж эхлэх гэж байна. Нэмэлт хувьцааны арилжаа Торонтогийн бирж дээр нэгдүгээр сарын 7-нд дуусах бол нөгөө хоёрт нь мөн сарын 6-нд дуусах ажээ.
“Turquoise Hill” компани уг хувьцааны арилжаагаар өөрийн гол хөрөнгө оруулагч болох “Рио Тинто”-д энэ онд төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулах юм. Нөгөөтэйгүүр энэхүү нэмэлт хувьцааны арилжааны дараа тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ одоогийнхоосоо бараг 70 орчим хувиар өсч, 6 тэрбум ам.долларт ойртож магадгүй байна.