“Бэрэн Майнинг” ХК Монголын Хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааг 250 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд хувьцааны захиалгыг брокер, дилерийн компаниудаар авах юм байна. Энэхүү IPO-г 2013 онд багтаан хийхээр ажиллаж байгаа бөгөөд томоохон худалдан авагчид нь бэлэн болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна.
“Бэрэн Майнинг” ХК Архангай аймагт орших төмрийн хүдрийн 4 ордыг эзэмшдэг бөгөөд ордуудын нийлбэр нөөц нь 84.6 сая.тонн хүдэр аж. Уг нөөцийг цаашид үр ашигтай ашиглах үүднээс одоогийн 250 мян.тоннын төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 500 мян.тонн болгож нэмэгдүүлэх, үүнээс 300 мян.тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар нийт 130 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Хөрөнгийн биржээс босгохоор төлөвлөж байгаа юм.
“Бэрэн Майнинг” ХК нь анх 2006 онд “Бэрэн Групп” ХХК-ийн охин компани болон байгуулагдаж Монгол улсын хар төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрших “Тамирын гол”-ын төмрийн хүдрийн ордод ашиглалт явуулж, жилдээ 63-67 хувийн төмрийн агуулгатай 250 мян.тн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрийг 2007 онд ашиглалтанд оруулж байжээ.
“Бэрэн Майнинг” ХК-ийн энэхүү IPO нь Монголын Хөрөнгийн биржийн сүүлийн таван жилийн хоёр дахь IPO болж байгаа юм. Мөн Монголын уул уурхайн олборлогч компаниудаас анхны IPO гэдгээрээ онцлог бөгөөд Хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр санхүүжилт босгох гэж байгаа компани юм.
Уг IPO-гийн Андеррайтераар “БиДиСЕК” ХК ажиллаж байна.
С.Болд-Эрдэнэ