Уул уурхайн яам, “Монгол нүүрс”
ассоциацийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан юм.
Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Нарантай
ярилцлаа. Уул уурхайн яам, “Монгол нүүрс” ассоциацийн хооронд байгуулсан Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?Өмнөх
Засгийн газраас ялгаатай нь Шинэчлэлийн Засгийн газар, тэр тусмаа Уул
уурхайн яам салбарын мэргэжилтнүүдтэй ойр ажиллаж эхэлж байна. Тухайн
салбартаа олон жил бизнесийн үйл ажиллагаа явуулсан, судалгаа шинжилгээ
хийж байгаа мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үүнийгээ Санамж
бичгээр албажуулж байна.
Ингэснээр Засгийн газраас нүүрсний
салбарын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн
түншлэлийг бэхжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй
болгоход “Нүүрс” ассоциацийн оролцоог хангах, олон нийтэд салбарын
талаарх үнэн зөв бодитой мэдээллийг түгээх, харилцан мэдээлэл солилцох
зэрэг олон асуудлаар хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Нүүрсний
салбарт тулгамдсан асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэхийн тулд салбарын аж
ахуйн нэгжүүд, мэргэжлийн хүмүүстэй зайлшгүй хамтрах шаардлагатай. УИХ,
Засгийн газар, яам аль нь ч байлаа гэсэн оновчтой төлөвлөлт гаргахын
тулд үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлах ёстой юм.
Өмнөх жилүүдэд
төр засгаас янз бүрийн зүйл төлөвлөдөг байсан ч хэрэгжих нь бага
байсан. Энэ нь биелэх боломж муутай, хүсэл мөрөөдлийн шинжтэй зүйлүүд
төлөвлөдөгтэй холбоотой. Амьдрал дээр биелэх юм, биелэхгүй юм гэж бий.
Ялангуяа нүүрсний салбар бол улс орны эдийн засгийн зонхилох хэсгийг
бүрдүүлдэг, түүн дотроо экспортын томоохон үүрэг гүйцэтгэдгээрээ их
чухал салбар. “Эрдэнэт” монголчуудыг тэжээж байна, зэсийн үнэ өслөө,
буурлаа гэж ярьдаг байсан бол 2009 оноос нүүрс экспортын дийлэнх хэсгийг
эзлэх болсон. Монгол улс нүүрсний асар их нөөцтэйн хувьд, дэлхийн
хамгийн том зах зээлтэй, нүүрсний хэрэглэгч улстай хил залгаа байдгийн
хувьд нүүрсний салбартаа тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх нь гарцаагүй.
Тийм
ч учраас Санамж бичгийн хүрээнд нүүрсний боловсруулалтын түвшинг
дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
тээвэрлэлт, дэд бүтэц, төмөр замын сүлжээг сайжруулж, гуравдагч зах
зээлд нүүрс нийлүүлэх боломжийг судлах зэргээр тулгамдсан асар олон
ажлыг шийдвэрлэх ёстой.
Бид Хятадын зах зээлийн аль хэсэг дээр
ажиллах юм, нүүрсээ яавал эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг дээр
зөв төлөвлөлт гаргах хэрэгтэй. 2012 онд Монголын нүүрсний салбар ямар
байдалтай өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Экспорт унаад сэргэж чадахгүй
байна. Гэтэл Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт хэрэгцээ байсаар л
байна. Бид Австралид үер болсон шиг үеийг хүлээгээд сууж байж болохгүй.
Олон улсын нүүрсний зах зээл, зарчмыг судалж байж нүүрсээ нийлүүлэх
ёстой. Эрчим хүчний нүүрсний асар их нөөц Монголд бий. Үүнийгээ яах вэ.
Бидэнд энэ салбарын урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй байна. Улстөрчид
зөвхөн улс төрийн зорилгоор юм уу, сонгуулийн түр зуурын амлалтаар
шийдэх нь явуургүй болохыг бид өнгөрсөн жилүүдэд мэдэрсэн.
Салбарын яам мэргэжлийн хүмүүстэй, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байж зөв шийдвэр гаргах боломжтой гэж Та хэлж байна уу?Яам,
мэргэжлийн байгууллагын хооронд Санамж бичиг байгуулсан нь хий хоосон
сурталчилгаа, байдаг л нэг дипломат харилцаа биш юм. Энэ бол салбарын
өдөр тутмын ажлыг зөв зүйтэй явуулах, хөгжлийг богино хугацаанд
эрчимжүүлэхийн тулд хийж байгаа ажил хэргийн тохиролцоо.
Аливаа
ажлын үр дүн харилцаанаас ихээхэн шалтгаалдаг. Түрүүн хэлсэнчлэн хувийн
хэвшлийнхэн голдуу шүүмжлэх байр сууринаас ханддаг байсан байх. Яагаад
гэвэл бидэнд ингэж ил тод ярилцах, ойлголцох боломж олддоггүй байсан.
Төр засгийн байгууллагууд бидэнтэй, бидэнгүй шийдвэр гаргаад, өнөөх нь
сайн гэхээсээ илүү сөрөг үр дагавар дагуулдаг байсан. Бие биенээ олон
жил хангалттай шүүмжиллээ. Монгол улсын эрх ашиг гэж нэг л зүйл байгаа
болохоор аль аль тал нь өөрсдийнхаа ажлыг хариуцлагатай гүйцэтгэж, сайн
үр дүн гаргаж байх нь чухал. Тиймээс энэхүү Санамж бичиг үр дүнгээ өгнө
гэдэгт итгэж байна. Юутай ч салбарын яам үйлдвэрлэгчдийнхээ санал бодлыг
байнга сонсож, хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг ойлгосон. Нэг
үгээр хэлбэл, төр засагтай хамтарч ажиллах арга механизмыг Санамж
бичгээр бий болголоо.
Санамж бичигт талууд хамтын ажиллагааны хүрээнд хүлээх үүрэг, хүрэх үр дүнгүүдээ нарийн тодорхойлсон уу?Энэ
санамж бичиг маш өргөн хүрээг хамарч байгаа. Тухайлбал, нүүрсний
салбарыг зөвхөн эдийн засгийн утгаар нь биш, энэ салбарт боловсон хүчнээ
яаж бэхжүүлэх вэ гэдгийг анхаарч ажиллана. Нүүрсний том төслүүдэд
монгол хүмүүсээ ажиллуулъя гэж байгаа. Засгийн газар солигдоход өмнөх
Засгийн хийж хэрэгжүүлсэн, бодож боловсруулсан алхмуудыг үргэлжлүүлээд
явдаг тийм систем бий болох ёстой. Санамж бичиг гэхээсээ дотроо олон
нарийн гэрээний заалтуудтай. Санамж бичигт тусгасан асуудлуудыг яаж
хэрэгжүүлэхийг мөн заагаад өгчихсөн.
Хоёр талаас ажлын төлөвлөгөө
гарган тэдгээр асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал, яам,
ассоциаци болон аж ахуйн нэгжүүд сард нэг удаа тодорхой өдөр уулзалдаж,
мэдээллээ солилцож байх юм. Яамны зүгээс ямар бодлого шийдвэр гаргаснаа
танилцуулна, харин бид тэрхүү бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд амьдрал
дээр ийм ажлууд хийх шаардлагатай гэсэн байдлаар нээлттэй ярилцана.
“Нүүрс” ассоциаци, Уул уурхайн яам хоёрын хамтын ажиллагааны эхний ажил юу байв?Санамж
бичиг байгуулсны маргаашнаас бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Ирэх оны
нэгдүгээр сарын 15-нд Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025”
олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэхүү
хэлэлцүүлгийг угтаж Яамнаас дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Нүүрсний салбарын урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Салбарын
хэмжээнд тулгамдсан асуудлуудаа, тэр дундаа салбарын өрсөлдөх чадварыг
яаж сайжруулах вэ гэдгээ ярилцлаа.
Г.Идэр