Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж буй “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн Лондонд томилолтоор ажиллаж байгаа аж. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболдын хамт “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний хувиар өнгөрсөн долоо хоногт Лондонг зорьжээ. “Оюутолгой” төсөлд зээл олгох банкуудтай уулзаж, төслийн дараагийн санхүүжилтийн талаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Харин түүнийг эзгүй хойгуур “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирлын албан тушаалаас нь халах шийдвэрийг гаргасан байна. Г.Тэмүүлэн өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ өнөөдөр түүнийг халах шийдвэрийг албан ёсоор гаргах байсан ч түр хугацаагаар хойшлуулжээ. Түүний оронд томилогдох хүний нэр ч тодорхой болсон хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
Г.Тэмүүлэнг чухам ямар шалтгаанаар Дэд
захирлаас халсан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн намар түүнийг Засгийн газраас Монголын
талын байр суурийг хамгаалж байгаа гол
хүн гэсэн шалтгаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон билээ.
С.Болд-Эрдэнэ