Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра Гоулд” (TSX:CG) компани Киргиз улсад алтны Кумтор уурхайд олборлолт хийж буй билээ. Гэвч энэхүү уурхайг ашиглах тухай 2009 оны гэрээг дахин авч хэлэлцэж өөрчлөх талд Киргизийн Засгийн газар, “Сентерра Гоулд” жил гаруй маргалдсан юм. Ийнхүү удтал өрнөсөн маргаан эцэслэж, өчигдөр Киргизийн Парламент 60:35 харьцаатайгаар олонхийн саналаар Кумтор ордыг “Сентерра”-тай хамтран ашиглах саналыг дэмжжээ. Үүнээс өмнө алтны томоохон ордыг төрийн мэдэлд бүрэн авах эсвэл зогсоох гэсэн хоёр сонголт хийх вий гэсэн таамаг хэвлэлүүдээр өрнөж байв. Гэрээний өөрчлөлтийн хүрээнд тус улсын Засгийн газар “Сентерра Гоулд” компанид эзэмшдэг 32.7%-иа Кумтор төслийн 50%-иар арилжихын зэрэгцээ эзэмшлийн хувиа 2026 оны дараа гэхэд 67%-д хүргэх боломжтой ажээ.
Киргиз улс нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээний хувьд Монголтой нэлээд адил бөгөөд өнгөрсөн онд 10.5%-иар өсчээ. Энэхүү өсөлтийн бараг 4% нь Кумторын алтны орлогоос эх үүсвэртэй байсныг шинжээчид онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Сентерра Кумтор ордын алтны олборлолтыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, 600 мянган унцид хүргэжээ.
Тус компанийн мэдээлж буйгаар Кумтор ордын нийт батлагдсан нөөц нь 10.2 сая унц, харин таамаг нөөц нь 5.5 сая унц юм байна.
Б.Төгс