“Эрдэнэс МГЛ” компани “Энержи Ресурс” компанид 116 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болж, лхагва гаригт “Зам шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна. Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 245 км авто зам, Гашуунсухайт боомтыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхээр болсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг “Энержи Ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан юм.
Энэ дагуу “Энержи Ресурс” компанид 157.8 тэрбум төгрөг буюу 90 сая долларын замын нөхөн төлбөр төлж, уг замыг “Эрдэнэс МГЛ” компани худалдаж авч байгаа аж. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам болон “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.
Түүнчлэн 2012 оны хоёрдугаар сард Гашуунсухайт боомтын хоёр урсгалтай замыг өргөтгөж, 10 урсгалтай болгосон. Боомтын өргөтгөлийн хөрөнгө оруулалтыг “Энержи Ресурс” компани хийсэн бөгөөд дээрх төлбөрийг замын төлбөрийн хамт төлөхөөр болжээ.
“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл замын нөхөн төлбөрийг өгөхгүй удааширч байгаа нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж буйг өнгөрсөн сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
116 сая долларын санхүүжилтийг Хөгжлийн банк “Эрдэнэс МГЛ” компанид зээлж байгаа аж. “Энержи Ресурс” компанид нөхөн төлбөрийг шилжүүлэлгүй удааширсан нь Хөгжлийн банкнаас авах зээлийн хүү дээр тохиролцож чадахгүй байсантай холбоотой юм. Хөгжлийн банкны зээлийн хүү 4% гэж тохирсноор санхүүжилт авах боломжтой болжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг “Эрдэнэс МГЛ” компани шилжүүлэн авснаар нүүрс тээвэрлэлтийн зардал буурах юм байна. Албан ёсоор зам ашиглалтын үнийг тогтоогоогүй байгаа ч нэг тонн нүүрсийг 1.5 ам.доллараар тогтоож магадгүй талаар ярилцаж байгаа гэнэ.
С.Болд-Эрдэнэ