Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Гурав дахь Safety-First болно

Монголын уул уурхайн салбар дахь уламжлалт арга хэмжээний нэг Safety-First буюу “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Бага хурлыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон “Эрдэнэт үйлдвэр“ ХХК зохион байгуулж буй. Хурлын  Ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюутолгой”, Алтан ивээн тэтгэгчээр “Болд төмөр Ерөө гол” ХХК ажиллах ажээ.  

“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”-2014 ирэх гуравдугаар сарын 13-14-ний өдөр Орхон аймагт буюу тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдах юм. Бага хурал дээр “MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэх талаар арга зүйн туслалцаа өгөх зорилго бүхий төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын илтгэлүүд тавигдахаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр компаниудын сайн туршлагыг танилцуулах юм байна. Онцолбол, гадаадаас Олон улсын ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг Герман улсад хэрэгжүүлсэн туршлагыг танилцуулах бол “Эрдэнэт үйлдвэр” “Монголын Алт”, “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг манай улсын тэргүүлэх компаниудын хдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй сайн туршлагыг танилцуулах ажээ.

Түүнчлэн Бага хурлын үеэр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд ХАБЭА-н Удирдлагын тогтолцоо, үндэсний MNS OHSAS 18001:2012 стандарт, компанийн сайн туршлагын талаар хуралд оролцогчид нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Хурлын үеэр Хамгаалах хэрэгслийн уламжлалт үзэсгэлэн нээгдэхээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх Технологийн сургуулиас зохион байгуулсан Ажил олгогч, эзэд, ХАБЭА-н ажилтнуудын сургалтад хамрагдсан ажилтнуудын ахлагч нарын “Нэн түрүүнд ХАБ” интерактив семинар Технологийн сургууль дээр зохион байгуулагдана. 

Хурал, үзэсгэлэнгийн дараа сонирхсон хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцах боломж олгох ажээ. “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хуралд оролцохыг хүсэгчид http://www.safetyfirst.mn/ вэб сайт руу хандан бүртгүүлэх боломж бийг дуулгая. 


Н.Ариун