Mongolia Mining-2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм. Уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх боломж бий болгохын тулд Буянт-Ухаа спортын ордонг сонгожээ.
Mongolia Mining 2014 үзэсгэлэнд дэлхийн 22 орныг төлөөлсөн 120 компани оролцохоор бүртгүүлээд байна. Тэдгээр нь уул уурхайн техник технологи, хүдэр боловсруулах, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, геофизикийн хайгуул судалгаа, харилцаа холбоо, логистик, кейтеринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид гээд олон талтай оролцогчид юм. Үзэсгэлэнд Англи, Турк, Польш, Хятад улсын павильон (country pavilion) гарах бөгөөд семинарын өрөөнд хамтын ажиллагааны уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар уулзалт ярилцлага хийнэ. Мөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг томоохон уул уурхайн компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтынхаа шаардлагыг танилцуулж, үзэсгэлэнд оролцогчид, ханган нийлүүлэгчидтэй нээлттэй ярилцана. Түүнчлэн Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн албан ёсны түнш China Mining олон улсын хурал экспо зохион байгуулагчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөллийнхөн Монголын уул уурхайн салбарынхантай уулзалт хийнэ гэж үзэсгэлэн зохион байгуулагчид мэдээллээ. Эндээс харвал, Mongolia Mining 2014 ээлжит үзэсгэлэн уул уурхайн салбарынхны 4 дүгээр сарын хамгийн том цугларалт болох нь байна.
Mongolia Mining үзэсгэлэн жилээс жилд өргөжин тэлж байна. Зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүйгээр зам, барилга, хүнд үйлдвэрлэлийн салбарынхан ч оролцож, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ тэлэх болсон нь гурав дахь удаагийн үзэсгэлэнгээс харагдсан билээ. Энэ салбарт ажиллаж байгаа Монголын бизнес эрхлэгчид заавал олон улсын үзэсгэлэн яармагт явахгүйгээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэн дэргэд ирсэн дэлхийн технологитой танилцах боломжийг Mongolia Mining үзэсгэлэн олгож байна.
Mongolia Mining үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл www.mongolia-mining.org цахим хуудсаар бүртгүүлэн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх тасалбар захиалж болох юм байна. Мөн бүртгэлийн дугаараараа ивээн тэтгэгчийн үнэ цэнтэй шагнал хожих сугалаанд оролцох боломжтой. Ивээн тэтгэгчийн шагналыг үзэсгэлэнгийн үеэр гардуулах аж.