“Рио Тинто” групп үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд “Рио Тинто” нийт 9.4 тэрбум ам.долларын татварыг улс орнуудад төлсөн байна.
Өнгөрсөн онд Монгол улсад 220 сая ам.долларыг татвар, бусад төлбөрт төлжээ. Энэ нь Рио Тинто”-гийн хамгийн их татвар төлсөн улсуудын дөрөвдүгээрт орох үзүүлэлт юм. Австралийн Засгийн газар 5.7 тэрбум ам.долларын татвар хүлээн авснаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Канад улс 523 сая ам.доллар, Чили 380 сая ам.доллар, Монгол улс 220 сая ам.доллар, АНУ 217 сая ам.доллар, ӨАБНУ 167 сая ам.доллар, Франц 126 сая ам.доллар, Гвиней улс 64 сая ам.доллар, Сингапур 52 сая ам.доллар, Их Британи 26 сая ам.долларын татвар хураамжийг тус тус хүлээн авчээ.
Нийт төлсөн татварын хэмжээ нь борлуулалтын орлогын 16%-ийг эзэлж байгаа аж. Төлсөн татварын 43% буюу 4 тэрбум долларыг орлогын албан татвар, 22% буюу 2 тэрбум долларыг рояалтид өгсөн байна. Мөн хамгийн их татвар нийт 7 тэрбум орчим долларын татварыг төмрийн хүдрийн салбараасаа төлжээ.
Тус компанийн Санхүүгийн албаны дарга Крис Линч хэлэхдээ “Энэхүү тайлан нь “Рио Тинто”-гийн бизнес эрхэлж буй улс орнуудынхаа төсөвт оруулж буй хувь нэмрийг харуулж буй үзүүлэлт. Мөн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг үүсгэн байгуулагч гишүүний хувьд татварын ил тод байдлыг эрхэмлэдгийн нотолгоо юм” гэжээ.
С.Болд