Өмнийн говийн Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс”-ийн толгой компани өчигдөр өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаснаа мэдээлсэн байна. Үүнд тус компани өр төлбөрөө барагдуулж чадахгүй байж магадгүй болсныг дуулгасан бөгөөд хөрөнгө босгохоор эрэлхийлж буйгаа тэмдэглэжээ. Одоогийн байдлаар тус компани 250 сая долларын өрийн бичгийг “дарах”-ын тулд санхүүжилт хайх том ажлын ард гарах хэрэгтэй байгаа ажээ. Энэ мэдэгдэл гарсны дараа тус компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр бараг 30%-иар буурч, 52 канад цент болжээ.
Өнгөрсөн онд тус компани 237.5 сая долларын алдагдал хүлээжээ. Уг үзүүлэлт 2012 онд 97.5 сая доллар байжээ.
“Саутгоби” өнгөрсөн онд 3.26 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 24.25 доллараар борлуулж, 58.6 сая долларын орлоготой ажилласан нь 2012 онд 1.98 сая тонн нүүрсийг 47.5 доллараар худалдаж, 78 сая доллар олсонтой харьцуулахад нэлээд буурчээ.
Хэдийгээр тус компанийн нүүрсний борлуулалт 2013 онд өмнөх оныхоосоо өссөн ч Хятадын худалдан авагчидтай хийх нүүрсний худалдааны үнэ өнгөрсөн онд огцом буурсан нь ийнхүү орлого хумигдахад голлон нөлөөлжээ. “Саутгоби” цаашдаа Хятадын нүүрсний зах зээл төдийлөн сэргэхгүй гэж таамаглаж байна.
Тус компанийн “санхүүгийн чадавх” 2012 оны сүүлээр 120 сая доллар байсан бол өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр 42 сая орчим доллар болж багасчээ. Харин энэ сарын 24-ний байдлаар 10 сая долларын бэлэн мөнгө компанийн дансанд үлдсэнийг мэдээлжээ.
Б.Төгс