Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн санхүүжилт хойшилж магадгүй

“Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр 2013 оны үйл ажиллагааы тайлангаа гаргажээ. Компанийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Хувь нийлүүлэгч талууд үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээрийг идэвхтэй хийж байгааг онцолжээ. Гэхдээ далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлыг хараахан шийдвэрлээгүй байгаа бөгөөд энэ байдлаар үргэлжилбэл энэ сард багтаан шийдэж амжихгүй байж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Хувь нийлүүлэгч талууд далд уурхайн санхүүжилтийг дэмжиж байгаа гэдгээ ч онцолжээ.

“Эрдэнэс МГЛ” компанийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Жан Себистьян Жак өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирсэн байна. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай Оюутолгойн асуудлаар уулзаад буцжээ.

“Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн онд 290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 26.4 мянган тонныг экспортолж, 51.6 сая долларын орлого олсон байна. Энэ оны 3 дугаар сарын 24 хүртэл 43 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.

Мөн тус компани энэ жилийнхээ үйлдвэрлэлийн зорилтыг бууруулсан байна. 2014 онд 150-175 мянган тонн зэсийн баяжмал, 700-750 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байсан бол энэ хэмжээг 135-160 мянган тонн зэсийн баяжмал, 600-700 мянган унц алт болгон бууруулжээ. Энэ жилийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 74%-ийг борлуулах гэрээ хийгээд байгаа аж.

С.Болд-Эрдэнэ