Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“MONGOLIA MINING 2014” олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдэнэ

Энэ долоо хоногт Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн Mongolia Mining 2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Үзэсгэлэн 2014 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа спортын ордонд болно.

Урьд урьдынхаас улам өргөжсөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнд 16 орны 120-иод компани оролцоно. Уламжлалт түнш орнууд болох БНХАУ, ОХУ, Автрали, АНУ, Герман, Турк, Польш, Япон, Казахстанаас гадна Их Британи, Итали, БНСУ, Словак, Сингапур зэрэг орноос дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна. Уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан явахгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн чиг хандлагыг олж мэдэн, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2014 олгож байна. Уул уурхайн салбарт бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн дотоодын хамгийн шилдэг ханган нийлүүлэгчид шинэ, онцлог бүтээгдэхүүнээ танилцуулна.

Mongolia Mining цувралын 4 дэх удаагийн арга хэмжээ болох энэ жилийн үзэсгэлэн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбараас гадна газрын тосны салбарыг хамарч буй бөгөөд зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хэрэгтэй техник, тоног төхөөрөмжүүдийг ч дэлгэн харуулна.  Mongolia Mining 2014 эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудад технологио шинэчлэн өрсөлдөх чадвараа сайжруулах, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгч, дистрибьютерүүдэд шинэ нийлүүлэгчидтэй хамтран ажиллах бизнесийн боломж олгоно.

Үзэсгэлэнгийн үеэр семинар, гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн комданиудын төслийн танилцуулга хийгдэнэ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар ярилцлага хийнэ. Мөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.

Уурхай ба ханган нийлүүлэгч, олон улсын технологи ба дотоодын уул уурхай, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн Mongolia Mining үзэсгэлэн энэ удаа уул уурхайн салбарынхны хамгийн том цугларалт болно.
Зохион байгуулагчид Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн талаар мэдээллийг олон нийтэд тасралтгүй түгээж ирсэн бөгөөд үзэсгэлэнд зочлох хүсэлтэй хүмүүсийг урьдчилан бүртгэжээ. Үзэсгэлэнг очиж үзэхээр 2000 гаруй мэргэжилтэн урьдчилан бүртгүүлсэн бөгөөд үзэсгэлэнгийн үеэр түүнээс хоёр дахин олон зочин үзнэ гэж тооцож байна. Үзэсгэлэн гаргагч болон зочдод зориулан Улаанбаатар, Баянгол, Рамада зочид буудлуудаас цаг тутам үнэгүй автобус (shuttle bus)-аар үйлчилнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж авна уу.