Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Аспайр “Овоот”-ын нүүрсийг Сайншандад нийлүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани Хөвсгөл аймаг дахь Овоот коксжих нүүрсний уурхайгаас нүүрс нийлүүлэх боломжоо өргөжүүлэн ажилласаар байна. Тус компани өчигдөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанитай коксжих нүүрс нийлүүлэх Санамж бичиг байгуулснаа мэдээлсэн байна.  Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа тус компанийн хувьцааны үнэ 3.7 цент болж, ойролцоогоор 20%-иар өсчээ. Түүнчлэн тус компани уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг ирэх онд ашиглалтад орох Завханы цахилгаан станцаас нийлүүлэх гэрээг үзэглэжээ. Энэхүү цахилгаан станц нь 30-35 МВт-ын хүчин чадалтай бөгөөд “New Asia Group компани станцыг 2015 оны сүүлээр ашиглалтад оруулах ажээ. Энэхүү станц нь уурхайгаас 70 км-ийн алсад оршдог байна.

Тус компанийн Овоот уурхайн хувьд 250 гаруй сая тонн коксжих нүүрсийг ил уурхайн аргаар, 28 сая тонн нүүрсийг далд уурхайн аргаар  олборлох боломжтой ажээ.

Тус компанийн хувьд одоогийн байдлаар экспортын сувгуудаа өргөтгөсөөр буй бөгөөд Европ, Хойд Азийн чиглэлд нүүрсээ гаргах сууриа тавиад буй юм.

Ордыг 2016 оноос жилд 5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглахаар төлөвлөж байна.

Овоотын коксжих нүүрс нь Тавантолгой уурхайнхаас дутахгүй чанартайн зэрэгцээ хаягдал багатай болохыг судалгаагаар тогтоожээ.

Гэхдээ тус компанийн хувьд уурхайг Эрдэнэттэй холбосон төмөр замын шугамыг байгуулах нь тун чухал юм. Аспайр уг төмөр замыг Концессийн гэрээгээр барихаар төлөвлөж буй бөгөөд Монголын Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж буй ажээ.



Б. Төгс