Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордод хөрс хуулах гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МоЭнКо ХХК болон “Моннис Майнинг Экьюпмент” ХХК-ийн хооронд байгуулжээ. Уул уурхайн өндөр хүч чадлын техникийн худалдаа хангамж, засвар үйлчилгээ эрхэлдэг Монголын томоохон компани “Моннис” нь дээрх ажлыг ирэх 7 дугаар сараас эхлэн гүйцэтгэх аж. Ингэснээр нэг хэсэг зогсолтод ороод байсан Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох, экспортлох нөхцөл бүрдэх юм. Уул-техникийн хүнд нөхцөлтэй хэдий ч 2015 оны эцэс гэхэд 11 сая гаруй тонн хөрсийг хуулж зайлуулахаар төлөвлөжээ.
Дээрх ажлыг гүйцэтгэхдээ “Моннис” компани энэ оны 3 дугаар сард МоЭнКо ХХК-ийн Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдөх юм байна. Ингэснээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх нөхцөлийг хангана гэж тооцжээ. Жишээ нь, уурхайд ажиллагчдын 70%-иас доошгүй нь Ховд аймгийн иргэд байх аж.
Уурхайг стратегийн ордод хамааруулах хүсэлт санал, зах зээлийн нөхцөл байдал, орон нутгийнхны хандлага зэрэг хүчин зүйлийн улмаас олборлолт нэлээд хугацаанд саатсан ч МоЭнКо нүүрс боловсруулах дэд байгууламжуудын чиглэлээрх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр иржээ. Тухайлбал жилд 2 сая хүртэл тонн нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Хөшөөтөд барьж ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Мөн улсын хилийн цаахна талд Нүүрс угаах үйлдвэр барьснаар бүтээгдэхүүний чанарыг ахиулах, экспортын тээврийн зардлыг бууруулах боломжийг бүрдүүлжээ.
Дээрх гэрээ нь Хөшөөтийн уурхайн төслийг урагшлуулахад эргэлт болохуйц алхам юм. Хэдийгээр коксжих нүүрсний зах зээл тун тааламжгүй байгаа ч олборлолтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ховд аймагтай байгуулсан гэрээний биелэлтийг хангах, түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар нийгмийн хариуцлагаа биелүүлэх тухай дахь МоЭнКо-гийн чин эрмэлзлийн илэрхийлэл болж байна.